Сэтгүүлчид өөрсдийгөө зохицуулах уу, эсвэл Х.Нямбаатар зохицуулах уу?

Сэтгүүлчид өөрсдийгөө зохицуулах уу, эсвэл Х.Нямбаатар зохицуулах уу?

Улирч буй 2020 оны зургадугаар сарын 24-нд явагдсан УИХ-ын сонгуулиар эрх баригч МАН амжилтаа бататган парламентад дахин үнэмлэхүй олонх болсон. Өмнөх 2016-2020 оны парламентыг бодвол мандатын тоо нь гурваар буурч 65-аас 62 болсон ч үнэмлэхүй олонхиор Монголын төрийг дахин дөрвөн жил жолоодох эрхийг сонгогчдоос авч чадсан. Нэгэнт өмнө эрх барьж байсан нам учраас өмнөх төрийн бодлого бүхий л салбарт үргэлжилж байна.

 

Үүний нэг нь хэвлэл мэдээллийн салбар. Өмнөх төрийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн боловсруулахаар эрх баригчид бодлогын баримт бичигтээ тусгасан байсан боловч боловсруулсан хуулийн төсөл дээр ажлын хэсгийнхний санал зөрөлдсөнөөс гацаанд орсон юм. Зарчмын хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдсөн бөгөөд энэ дундаас сэтгүүлчдийн сайн дурын үүсэл санаачилгаар бий болсон өөрийн зохицуулалтын байгууллага болох Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг /ХМЗ/ хуульчлах ХЗДХЯ-ны байр суурь байсан юм. Чухамхүү энэ зарчмын асуудал дээр санал нэгдэж чадаагүй, санал нэгдэх ч боломжгүй учраас ажлын хэсэгт багтаж байсан ХМЗ ажлын хэсгээс гарсан юм.

 

ХЗДХЯ-ыг шинэ сайд Х.Нямбаатар ахалж байгаа бөгөөд тэрбээр давхар дээлтэй цөөхөн гишүүний нэг. ХЗДХЯ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн хуулийн өөрчлөлт, шинэчилсэн найруулгын бэлдсэний дотор сэтгүүлчдэд хамаатай хоёр хуулийн төсөл маргаан дагуулаад байна. Эдгээр нь Эрүүгийн хуулийн 13-ын 14 дэх “Худал мэдээлэл тараах, түгээх” заалт, мөн Хэвлэлийн эрх чөлөөний шинэчилсэн найруулга юм. Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээс санал авахаар яамныхаа цахим хуудсанд танилцуулсан байгаа бол Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл хараахан олонд танилцуулагдаагүй боловч арванхоёрдугаар сарын 14-ний өдөр сайд Х.Нямбаатартай уулзахаар очсон сэтгүүлчдэд хуулийн төслийг танилцуулсан. Уг төслөөс харахад өмнөх парламентын үед бэлтгэгдэж байсан, хэрүүлийн алим болсон заалттай хуулийн төсөл бараг хэвээр байгааг мэдлээ.

 

ХЗДХЯ-ны боловсруулсан хоёр хуулийн заалт нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх зүйн бодлогын хүрээнд гарч байгаа бол чамлалттай, ойлголт мэдлэг дутуу, хэвлэлийг хянах хатуу зохицуулалтыг хүсэмжилсэн байгааг сэтгүүлчид шүүмжлэн хэлэлцэж байна. Харин энэ хоёр заалт У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх зүйн бодлогын зорилготой нийцэхгүй, Х.Нямбаатар сайд хувийн итгэл үнэмшлээр хандаж байгаа бол сайдын албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл болохоор байна. Энэ шуугиан ид гараад байсан үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах орчныг боомилсон ямарваа зүйл байх ёсгүй” хэмээн мэдэгдсэнийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

 

ХЗДХЯ-ны боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хоёр өөр зохицуулалт шаардах харилцааг нэг саванд багтааж, тэр савыг хариуцагч эзнээр одоо ажиллаж байгаа өөрийн зохицуулалтын байгууллага болох ХМЗ-ийн нэрнээс тасдан авсан Хэвлэлийн зөвлөл гэдэг цоо шинэ, төрөөс санхүүждэг байгууллага байгуулахаар тусгажээ. Төрөөс байгуулах энэхүү Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, Монголд хамааралгүй гаднын компанийн платформаар явдаг олон нийтийн сүлжээгээр түгээгдэж байгаа иргэдийн байр суурийг ч хянан шийтгэл оноодог байхаар ХЗДХЯ төлөвлөж байна. Хэвлэлийн зөвлөлөөр шийдэж чадаагүй гомдлууд нь Эрүүгийн хуулийн дээр дурдсан 13-ын 14 дэх заалтаар шийдэгдэх ажээ.

 

Уг нь 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад хяналт буюу цензур тавихгүй, төрөөс хэвлэл мэдээллийг санхүүжүүлэхгүй хэмээн гол зарчмыг ойлгомжтой, илүү дутуу үггүй тунхагласан. Хэрвээ хууль эрх зүйн энэ зарчмыг дордуулах аливаа үйлдлийг төрийн зүгээс хийх бол сэтгүүлчид дуугай хүлээн авахгүй гэдгийг эрхбиш ойлгож байгаа байх аа.

 

Сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд тулгуурлан салбартаа өөрийн зохицуулалт хийдэг байгууллагыг хуулиар зохицуулах нь буруу, сэтгүүлдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдлыг Эрүүгийн хуулиар зохицуулах нь ардчиллын нэг тулгуур багана болсон хэвлэлийн эрх чөлөөг боомилох, чөлөөтэй ажиллах сэтгүүлчдийн эрхийг хязгаарлах аюултайг удаа дараа сэтгүүлчдийн зүгээс хэлж, сануулж, анхааруулсаар байхад үл тоомсорлож, хуулийн хавхны ирээ улам хурцатгаж байгаа нь эрх баригч МАН ардчилсан Үндсэн хуулийн зарчмыг бүдүүлгээр зөрчиж, дарангуйлагч төрийг хүсэмжилж байгаагийн илрэл гэж дүгнэхээс өөр аргагүй.

 

Ардчиллын зарчимд нийцсэн шинэ соёл бол Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл юм.

2015 онд хэвлэл мэдээллийнхний өргөн оролцоотойгоор байгуулагдсан ХМЗ нь өнгөрсөн тав илүү жилийн хугацаанд иргэдээс сэтгүүлчид, редакциудын бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлэгтэй холбоотой 400 гаруй гомдлыг хүлээн авч Сэтгүүлчдийн Ёс зүйн зарчимд тулгуурлан шийдэж ирлээ. ХМЗ нь бүтцийн хувьд Удирдах зөвлөл, Телевиз, радиогийн Ёс зүйн хороо, Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хороо тус бүр 15 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үйл ажиллагаа нь өөрсдийн баталсан дүрмийн дагуу, ил тод нээлттэй ажилладаг ТББ. Удирдах зөвлөл болон Ёс зүйн хоёр хорооны гишүүдийг гурван жилийн хугацаатай нэг удаа улиран ажиллах нөхцөлтэйгээр ротациар нөхөгдөж байдаг ардчилсан тогтолцоотой байгууллага юм. Х.Нямбаатар сайдын хэлээд байгаа шиг хэдэн эздийн өмч, хэдэн эздэд үйлчилдэг байгууллага биш юм.

 

Хэвлэл мэдээлэл салбарын асуудлаа өөрийн зохицуулалтын байгууллагаараа шийддэг практик бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны нэг. Дэлхийн улс орнууд энэ тогтолцоог өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Ардчиллын өндөр мэдрэмжтэй орнуудад шүүхийн ажлыг хөнгөвчилдөг бүтэц гэж үзэн шүүхийн төсвөөсөө санхүүжүүлдэг нь ч байна, салбарын эздүүд санхүүжүүлээд явдаг нь байна, төрөөс хагас болон бүтэн санхүүжилт авдаг нь ч байна. Төрийн бүрэн санхүүжилттэй тохиолдлын ихэнх нь Азийн орнуудад түгээмэл хэрэглэгдэж, ёс зүйн зөрчлийг хянахаас гадна төрийн нэрийн өмнөөс зохицуулалт хийдэг улс орнууд цөөнгүй. Азийн орнуудын жишээ нь төрийн төмөр нүүрийг харуулах боломжийг гартаа атгаад үлдэж байгаа учраас манай Монголын эрх баригчдад илүү амар, хэрэглэхэд хялбар санагдаж байх шиг байна.

 

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэн ч сонин, сайт, телевизийн редакцийн бэлтгэн түгээсэн мэдээнд гомдол гаргах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд МХМЗ-ийн хүлээн авсан гомдлын дийлэнх нь “нэр төрд халдсан, гүтгэсэн” гэсэн гомдол байдаг. Харин ХМЗ гомдлыг хүлээж авахдаа гомдол гаргагчдад Ёс зүйн зарчмаа/кодоо танилцуулж, чухам аль заалтыг редакц зөрчсөн гэж үзэж байгааг нь асуудаг. Энэ нь хэвлэл мэдээлэл ямар ёс зүйг барьж ажиллах ёстойг таниулж байгаа нэг хэлбэр юм. Гомдлыг хэлэлцэхийн өмнө гомдол хаяглагдсан редакциас иргэний гомдлыг юу гэж үзэж байгаа талаар тайлбараа ирүүлэхийг хүсдэг. Редакциуд ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байвал үндэслэлээ тайлбарлахыг хүсдэг. Хэрэв алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байвал гомдогч талаас уучлал хүсэх, залруулга гаргахыг хүсдэг.

 

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 400 гаруй гомдол хүлээн авснаас 65 хувийг нь Ёс зүйн хороогоор хэлэлцэж, хэлэлцсэн гомдлын 50 орчим хувьд ёс зүйн алдаа гаргасан, 15 хувьд нь ёс зүйн алдаа гаргаагүй гэсэн шийдвэр гарсан байна. Харин 35 хувийг хүлээж аваагүй буцаасан байна. Энэ бүх мэдээллийг mediacouncil.mn хаягаар орон дэлгэрэнгүй үзэх боломжтой.

 

ХМЗ-ийн хэрэгжүүлж буй энэ зөөлөн зохицуулалтын нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө нь хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр алдааг залруулах боломжтойг харуулдаг. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ гаргасан санамсаргүй алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаан болох ёсгүй  гэдгийг баталж буй шинэ соёл юм.

 

Монголын сэтгүүлчид өөрийн зохицуулалтыг олон улсын жишиг баримталсан зөв хандлагаар, бас хараат бус байдлаар байгуулж чадсан гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаагийн нэг баталгаа нь зөвлөл байгуулагдсан тухайн жил Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний индексийг урьд өмнө байгаагүйгээр урагшилсан явдал байсан. Мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Монголын ХМЗ-ийн үйл ажиллагааг бүоэн дүүрэн хүлээн зөвшөөрч хамтран ажилладаг, 2018 онд Европын хараат бус хэвлэлийн зөвлөлүүд Монголын ХМЗ-ийг ажиглагч гишүүнээр элсүүлсэнийг тэмдэглэе.

 

Д.НАРАНТУЯА /ХМЗ-ийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны гишүүн/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.