“Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, цаг үеийн асуудлууд” цахим хэлэлцүүлэг боллоо

“Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, цаг үеийн асуудлууд” цахим хэлэлцүүлэг боллоо

   Орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, цаг үеийн асуудлууд” сэдэвт цахим хэлэлцүүлэг 12 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг хэлэлцүүлгийг ХМЗ санаачлан Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа. 

 

   Энэ үеэр ХЗДХЯ-наас танилцуулж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын төсөл, тэдгээрийн агуулга болоод дээрх хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, сэтгүүлчдийн байр суурь, хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хараат бус байдал зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгч, санал солилцсон.

 

   ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон уг эрхээ эдлэхтэй холбогдон гарах хариуцлагыг Монгол улсын болон олон улсын хууль тогтоомжуудад хэрхэн туссан тухай танилцууллаа. Түүнчлэн эдгээрт уялдан хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо үүсч бий болсон, үйл ажиллагаа нь өдөр ирэх бүр өргөжин тэлж, тодорхой эерэг нөлөө авчрах болсныг дурдаад салбарын өөрийн зохицуулалтад төр оролцох нь зохимжгүйг онцолсон юм. 

 

   

Харин оролцогчдын зүгээс орон нутгийн сэтгүүлч, хэвлэлийнхэнд чиглэсэн хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага, практик зөвлөмжийн талаар уулзалт, хэлэлцүүлгийг цаашид байнга зохион байгуулах хэрэгцээтэй байгааг онцолж байлаа.

 

   

   Хэлэлцүүлэгт 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болох 34 хүн, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, төслийн зохицуулагч Н.Ганчимэг, Радио, телевизийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж, Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.Баярсайхан нарын нийт 39 хүн оролцсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.