Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ХМЗ гомдол хүлээн авах, барагдуулах дараах түр журмыг баримтлан ажиллана

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ХМЗ гомдол хүлээн авах, барагдуулах дараах түр журмыг баримтлан ажиллана

ХМЗ НҮТББ-ын Гомдол хүлээж авах, барагдуулах журмын нэмэлт

 

           

Сонгуулийн сурталчилгааны үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гомдол хүлээн авах, барагдуулах түр журам

 

 

     Нэг. Ерөнхий зүйл

 

1.1 Энэхүү журмын зорилго нь зөвхөн 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үед хуулиар тогтоосон сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаарх нийтлэл нэвтрүүлэгтэй холбоотой гомдлыг хялбаршуулсан горимоор шуурхай шийдвэрлэхэд оршино.

 

1.2 Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл нь иргэн, аж ахуйн нэгжээс сэтгүүл зүйн бүтээлийн агуулгад хаягласан гомдлыг хүлээн авч, барагдуулахдаа Гомдол хүлээн авах, барагдуулах журам болон энэхүү хялбаршуулсан журмыг мөрдлөг болгоно.

 

 

     Хоёр. Гомдлыг шуурхай хүлээн авч нягтлах

 

2.1 Энэ журмын 1.1-д заасан хугацаанд 1.2-д заасан гомдлыг ХМЗ-ийн Ажлын алба бичгээр болон цахимаар хүлээн авна.

 

2.2 Гомдлын өргөдөлд дараах материалыг заавал хавсаргасан байна. Үүнд:

 

     2.2.1 Огноо, цаг хугацаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр

 

     2.2.2 Гомдол гаргаж байгаа үндэслэл, шалтгаан, тайлбар

 

   2.2.3 Радио телевизийн хувьд тухайн радио, телевизийн нэр, лого, нэвтрүүлгийн нэр, эфирт цацагдсан цаг хугацаа, видео болон аудио хуулбар

 

     2.2.4 Сайтын хувьд тухайн мэдээлэл гарсан хуудас /screenshot/, линкийг хавсаргах

 

    2.2.5 Хэвлэмэл хэвлэлийн хувьд тухайн материал нийтлэгдсэн огноо, цаг хугацаа харагдахуйц эх хувь

 

     2.2.6 Зөрчсөн гэж үзсэн ёс зүйн зарчмын заалт

 

2.3 Ажлын алба гомдлыг хүлээн авснаас хойш 18 цагийн дотор хариу тайлбар хүссэн захидлыг гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын редакцад и-мэйлээр хүргүүлж, утсаар баталгаажуулан мэдэгдэнэ.

 

2.4 Редакц хариу тайлбараа цахимаар эсвэл биечлэн ирүүлнэ. Редакцын хариу тайлбар өгөх хугацаа Улаанбаатарт 48 цаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд 72 цаг байна.

 

2.5 Хариу тайлбар ирүүлэх хугацаа дуусахаас 24 цагийн өмнө ажлын албанаас тухайн редакцад ахин и-мэйлээр сануулна.

 

 

     Гурав. Хорооны хуралдаанд бэлтгэх, зохион байгуулах 

 

3.1 Ажлын алба хуралдаан болохоос 24 цагаас доошгүй хугацааны өмнө хуралдааны материалыг хорооны гишүүдэд и-мэйлээр хүргүүлнэ.

 

3.2 Хуралдаан болохоос өмнө Улаанбаатарт 48 цаг, орон нутагт 72 цагийн доторх хугацаанд ирүүлсэн гомдлыг дараачийн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

3.3 Хорооны хуралдааныг 6 дугаар сарын 2, 5-ны өдрүүдийн 11:00 цагаас цахимаар зохион байгуулна. Эдгээр хурлуудад Хороод хамтрах бөгөөд нийт гишүүдийн 50%-иас доошгүй ирцтэйгээр хүчин төгөлдөр болно.

 

3.4 Хорооны хурлын сүүлийн өдрөөс сонгуулийн санал хураах хүртэлх өдрүүдэд ирсэн гомдлыг ердийн журмаар шийднэ.

 

3.5 Хорооны хуралдааныг хорооны дарга нар ээлжлэн удирдана. Тэдгээрийн эзгүйд хорооны даргын орлогч нар удирдана. Харин хорооны дарга, орлогч даргын аль аль нь эзгүйд хуралдаан даргалагчаар хорооны дарга аль нэг гишүүнийг санал болгож, хуралдаанд ирсэн гишүүдийн олонхийн шийдвэрээр батална.

 

 

     Дөрөв. Хорооны хуралдааны шийдвэр

 

4.1 Редакцын хариу тайлбарыг хуралдаанд шууд танилцуулж болох бөгөөд хариу тайлбараа ирүүлсэн эсэхээс үл хамааран гомдлыг хэлэлцэнэ.

 

4.2 Хороо гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргах үйл явц нь Гомдол хүлээж авах, барагдуулах журмын 6.1-ээс 6.5-д заасны дагуу зохицуулагдана.

 

4.3 Хорооны шийдвэрийг 8 цагийн дотор гомдол гаргагч болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэнэ.

 

4.4 Хуралдаанаас гарсан шийдвэрийг талуудад мэдэгдсэнээс хойш 10 цагийн дотор олон нийтэд мэдээлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.