Редакторууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын асуудлаар сургалтад хамрагдлаа

Редакторууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын асуудлаар сургалтад хамрагдлаа

   Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ковид-19 дархлаажуулалт ба хэвлэл мэдээллийн редакторуудын оролцоо” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав. 

 

Сургалтаар “Монголд хийж буй Ковид-19 вакцинуудтай холбоотой харьцуулалт, шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж, мэдээллүүд” болон “Монгол Улсын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явц”  сэдвүүдийг илтгэгч нар танилцууллаа. Илтгэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын Албаны дарга О.Дашпагма нар оролцов. Мөн хэвлэл мэдээллийн салбарын 60 гаруй редакторууд оролцож, сэдвийн хүрээнд тэдэнтэй санал бодлоо солилцлоо. 

 

Энэ үеэр вирусийн мутац, вакцины хадгалах горим, халдварын тухай тоон дата гэх мэт цаг үеийн чухал асуудлаар мэргэжилтэнгүүд тайлбарласан ач холбогдол хэлэлцүүлэг өрнөсөн хэмээн оролцогчид дүгнэлээ.     

 

Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Ууганбаяр, ДЭМБ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Энхтуяа нар үг хэлж, короновируст халдварын эсрэг дархлаажуулалтад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог онцлон тэмдэглэв. 

 

Дархлаажуулалтыг тойрсон олон асуудлаас сэтгүүлч, редакторуудын саналд үндэслэн дээрх сэдвийн хүрээнд сургалтыг хийх болсон тухай зохион байгуулагчид хэллээ. 

 

Цар тахлын энэ үед мэргэжлийн эх сурвалжуудтай биеэр уулзаж, мэдээлэл авах боломж хязгаарлагдмал учраас энэхүү цахим сургалт, хэлэлцүүлгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс үргэлжлүүлэн зохион байгуулах аж. Ингэхдээ сургалтыг мэдээний сурвалжлагчид, орон нутгийн сэтгүүлчдэд зориулан хийнэ.

 

Эдгээр сургалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжин хамтран ажиллаж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.