“ЁС ЗҮЙТ СЭТГҮҮЛ ЗҮЙН УРЬДАЧ НӨХЦӨЛ НЬ ХАРААТ БУС БАЙДАЛ”

“ЁС ЗҮЙТ СЭТГҮҮЛ ЗҮЙН УРЬДАЧ НӨХЦӨЛ НЬ ХАРААТ БУС БАЙДАЛ”

"Blue Sky” тауэрт болж буй Монголын телевизүүдийн хоёрдугаар форум "Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил" сэдвээр үргэлжилж байна.  

Форумд оролцогчид Оюуны өмч, Телевизийн сэтгүүл зүйн ёс зүй, Телевизийн Олон улс дахь дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх, Дэлхийн телевизийн контентийн чиг хандлага зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож байгаа юм.

Эдгээрээс нийгэмд хамгийн тулгамдаж буй “Телевизийн сэтгүүл зүйн ёс зүй”-н асуудлаарх хэлэлцүүлгийг онцолж байна.

Хэлэлцүүлэгт "Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, "Монгол ТВ" телевизийн Мэдээний албаны Ерөнхий продюсер Э.Лхагва, "Eagle News" телевизийн Ерөнхий продюсер Ц.Ганзориг нар илтгэгчээр оролцсон бөгөөд тэдний ярианаас товчлон хүргэе.

Гэрэл зургийг mpa.mn/ 2015.02.05

"Глоб Интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал

Ёс зүйт сэтгүүл зүйн урьдчилсан нөхцөл нь өөрөө хараат бус байдал юм. Аливаа ХМХ ялангуяа телевиз бол өөрийн дотоод удирдамж, дүрэм журамтай болох ёстой байдаг.

Тэр дүрэм журманд сэтгүүлчдийг хэрхэн ажиллах, биеэ авч явах байдал, зар сурталчилгаанд хэрхэн оролцох зэргийг тусгасан байх хэрэгтэй.

Редакцийн хараат бус байдал гэдэг нь жинхэнэ утгаараа мэдээ мэдээллийн агуулга нь хараат бус, ажил олгогч, хөрөнгө оруулагч, эзэд буюу гуравдагч талын ямар нэгэн оролцоо сэтгүүлчийн өдөр тутмын ажилд нөлөөлөхгүй байхыг хэлнэ.

Захирал юм уу редактороор дамжиж сэтгүүлчид ирдэг тэр нөлөөг сөрөх дархлаа хэрэгтэй.

 

 

 

Дараагийн нэг чухал зүйл бол улс төрийн дарамтыг сөрж зогсох дархлааны асуудал байгаа юм. Манайд улстөрч эзэнтэй телевизийн сувгууд байгаа нөхцөлд захирал юм уу редактороор дамжиж сэтгүүлчид ирдэг тэр нөлөөг сөрөх дархлаа хэрэгтэй.

Монголын Үндэсний Пресс Клубын тэргүүн Б.Баярсайхан 

Телевиз үүсгэн байгуулж, энэ бизнесийг хийж байгаа нэгэн улс төрчөөс би сонсож байсан. “Манайх телевиз, сонин, сэтгүүлтэй групп болоод байна. Үүнийг яах гэж хийгээд байгаагаа би мэдэхээ байлаа.Дорж гар буутай бол би өөдөөс нь винтов барьж байгаа юм шиг” гэж байсан.

Мөн сэтгүүлчдийн амыг барихын тулд жилд зуун сая төгрөг хаяж байна. Гэтэл үр хүүхдүүд маань хэдэн тэрбумыг хаях юм бэ гэсэн. Тэгэхээр өнөөдөр сэтгүүлчид бид санхүүжилт сайтай, хөрөнгө мөнгөтэй, биднийг хүнээс хараат бус байлгаж чадах тэр редакцид очиж хүч хөдөлмөрөө зориулах ёстой юм.

Дээрээс нь бид маш үнэ цэнэтэй мэргэжил эзэмшсэн хүмүүсийнхээ хувьд худалдагдахгүй байх, ёс зүйтэй байх талаар ярилцах нь хамгийн чухал.

Гэрэл зургийг mpa.mn/ 2015.02.05

“NTV” телевизийн захирал Ц.Энхбат

Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг бол сэтгүүл зүйн хариуцлага гэсэн үг. Энэ хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ гэхээр редакц нь өөрөө хүлээх ёстой. Монголд Хэвлэлийн Зөвлөл байгуулагдсан явдалд би маш их баяртай байгаа.

Энэ нь Монголын сэтгүүл зүйг мэргэжлийн болгох, хэвлэлийнхэнд өөрөө өөрийгөө зохицуулах том боломжийг нээж байгаа юм. Цаашид бид хариуцлагын тухай ярих хэрэгтэй.

Хариуцлага гэдэг бол сэтгүүлчтэй холбоотой гэхээсээ илүү ХМБ-тай холбоотой

 

 

 

Хариуцлага гэдэг бол сэтгүүлчтэй холбоотой гэхээсээ илүү ХМБ-тай холбоотой юм. Хэвлэлийнхэн өөрсдөө хариуцлагатай байж нийгэмд хариуцлагатай бай гэсэн шаардлага тавина. Одоо бол нийгэм хариуцлагагүй байгаа.

"Eagle News" телевизийн Ерөнхий продюсер Ц.Ганзориг

Мэдээний чиглэлээр дагнан ажиллаж байгаа залуу сэтгүүлч хүний хувьд одоо байгаа хөрөнгө оруулагч нартаа талархдаг. Яагаад вэ гэхээр ямар нэгэн компанитай гэрээ байгууллаа гэхэд тэр компанитай холбоотой сайн муу мэдээ гардаг л даа.

Олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт нь нийцүүлж мэдээлэх ёстой учраас бидний хувьд гэрээн дээр байгаа ганцхан зүйл заалтад тулгуурлаж үнэн мэдээллийг гаргаж болохгүй гэдэг асуудал харьцангүй бага байдаг учраас талархдаг гэж хэлж байгаа юм.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд манайтай хамтран ажилладаг компанийн эрх ашиг яригдахад мэдээллээ хийгээд л гарсан. Хүмүүст их хүрсэн юм байна лээ.

Монголчууд монгол контентоо сайн үзэж байгаа нь харагдсан. Хамгийн гол нь санхүүжилт хэрэгтэй

Форумыг зохион байгуулагч "Монгол ТВ” телевизийн Мэдээний албаны Ерөнхий продюсерЭ.Лхагватай телевизүүдэд тулгамдаж буй асуудал болон цаашдын чиг хандлагын талаар товч ярилцлаа.

Гэрэл зургийг mpa.mn/2015.02.05

-Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн форумын гол онцлог нь юу вэ?

-Энэ удаа бид тогтвортой хөгжлийн загвар буюу одоо ажиллаж байгаа 160-аад газар яаж цалингаа тавьж, ашигтай ажиллах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Мөн тогтвортой ажиллахад хэрэгтэй орлогын шинэ эх үүсвэрүүд санал болгож байна.

Тэр нь IP TV буюу эцсийн хэрэглэгчээс мөнгө авах шийдэл юм. Арилжааны телевизүүд яагаад мөнгөгүй байна вэ орлого олох боломж нь зөвхөн ивээн тэтгэгч болон реклам.

Гэтэл IPTV буюу кабелийн компаниудын хувьд бидний бэлтгэсэн зүйлийн түгээлтийг л хийдэг мөртөө иргэдээс сард 30 мянган төгрөг авдаг. Эргээд жижиг телевизүүд тэдний сүлжээн дээр байрлах гэж 50 сая төгрөг төлдөг.

Сая А.Амундра захирал ярилаа. Телевизийн салбарынхан дампуурч байна. Жишээ нь тэднийх жилд тэрбум төгрөгийн орлоготой ч гэсэн 600 саяыг нь “Боловсрол суваг”-т зарцуулаад, 250 саяар нь кино хийх гэж хуруу хумсаа хугалаад л явж байгаа.

Мэргэжлийн ёс зүйг уландаа гишгээд оймс сурталчилсан мэдээ хийгээд байх юм бол намайг нэг орой хүн үзнэ, маргааш үзэхгүй

 

 

 

Телевизийн уран бүтээлчид яг адилхан. Мэдээний хувьд асуудал бүр хэцүү. Учир нь мэдээ мөнгө олдоггүй. Мэргэжлийн ёс зүйг уландаа гишгээд оймс сурталчилсан мэдээ хийгээд байх юм бол намайг нэг орой хүн үзнэ, маргааш үзэхгүй. Тэгэхээр энэ олон тоглогчтой зах зээл дээр өрсөлдөхийн тулд шударга, олон  нийтийн сонирхлыг татахаар сайн мэдээ бэлтгэх ёстой.

Гэхдээ ийм мэдээ хийхийн тулд сэтгүүлч маань цалин өндөртэй, санхүүжилт сайтай, машинтай, компьютер дээр сууж дулаан газар ажилладаг байх ёстой. Тэр мөнгөө олохын тулд нөгөө талд телевизүүдийн сурталчилгаа, кино зэрэг нь маш сайн байх хэрэгтэй. Үүнийгээ сайн хийе гэхээр оюуны өмчийн хулгай асуудал болж байна.

-Та хэлэлцүүлэг дээр Оюуны Өмчийн Газрын үйл ажиллагааг нэлээн шүүмжилсэн байр суурьтай байлаа. Тэд хэрхэн ажиллах ёстой вэ?

-Оюуны өмчийн газарт 29 гомдол ирсэн байна гэсэн. Зөвхөн гомдлоор ажиллаж байгааг нь ойлгож байна. Гэхдээ өөрсдөө оюуны өмчтэй тэмцэх тэмцэлд манлайлаад, төрийн агентлаг гэдэг утгаараа шударгаар бизнес хийж байгаа хүмүүсийнхээ төлөө илүү идэвх гаргаж ажиллах шаардлагатай байгаа.

Энэ шаардлагыг сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүмүүс сүүлийн арван жил хэлж байна. Арван жил хэлүүлж байгаа Оюуны Өмчийн Газрыг ажилласан гэж хэлэх үү, оршин тогтносон гэж хэлэх үү.

Арван жил хэлүүлж байгаа Оюуны Өмчийн Газрыг ажилласан гэж хэлэх үү, оршин тогтносон гэж хэлэх үү.

 

 

 

Жишээ нь кино хулгайлдаг "Mongolbox"-той тэмцээч гэж "Univision" болон манайх зэрэг контентоо худалдаж авдаг байгууллагууд дандаа санал болгодог. Харилцаа Холбооны Газраас орох эрхийг нь хаахаар дахиад нэгийг нээчихдэг. Яагаад  хуулийнхаа дагуу, цагдаатайгаа нийлж очоод тэднийг баривчлаад, торгууль бичээд шаардлага хангуулахгүй байгаа юм?

Энд "Univision" болон Монгол телевизэд ажилладаг залуучуудын эрх ашиг зөрчигдөөд байна. Бид маш их боломжоо алдсан.Тиймээс энэ өрсөлдөөнтэй зах зээлд шударга өрсөлдөх боломжоор хангаад өгөөсэй л гэж хүсээд байгаа юм. Олон жил гуйсны эцэс өнөөдөр би форум дээр хэллээ. Оюуны өмчийн газар аппаратаараа огцрох хэрэгтэй.

-Таны хэлсэн шиг IP TV рүү шилжих юм бол эцсийн хэрэглэгч буюу иргэдийн халааснаас гарах мөнгө нэмэгдэх үү?

-Бидний үздэг HBO, National Geographic, Discovery зэрэг гадны сувгууд руу манай IP TV компаниуд сардаа 30-150 мянган доллар шилжүүлдэг.

Яагаад тэр мөнгөө Hero-ийн Б.Баатар, Монгол телевиз, Боловсрол сувгийн сериал хийдэг залууст өгч болохгүй гэж. Гадныхан шиг ихээр биш багаар авъя. Бид нар тэр гадагшаа гарч байгаа 30 мянган долларын таван саяыг авахад л манай цалингийн зардал дээр маш том дэмжлэг болно.

Монголчууд монгол контентоо сайн үзэж байгаа гэдэг нь харагдсан

 

 

 

Тэр чинээгээрээ Монгол уран бүтээл сайжирна. Монголчууд монгол контентоо сайн үзэж байгаа гэдэг нь харагдсан. Хамгийн гол нь санхүүжилт хэрэгтэй.

-Форум дээр нэг хүн Монголын телевизүүд хөлөг онгоц гэвэл тэд ус шүүрүүлээд урагшилж байна гэсэн. Тэгвэл тэр хөлгийн “цоорхой”-г нь яаж бөглөх вэ?

-Сая “Үндэсний Пресс Клуб”-ын ерөнхийлөгч П.Баярмагнай их шударгаар хэллээ гэж бодож байна.“Сэтгүүлчид өөрсдөө ёс зүйгүй байгаа юм биш. Хөрөнгө оруулагчид буюу эзэд ёс зүйгүй байна.

Эзэд сэтгүүлчийг ийм мэдээ ав, ингэж хэл, энэ өнцгийг барь гэж дээрээс нь дарамтлаад байна. Эргээд бүх шүүмжлэл нь сэтгүүлчид дээр ирдэг. Сэтгүүлчдийг цалин багатай, царай муутай биеэ үнэлэгч гэж ярьж байна.

Яг үнэндээ биеэ үнэлэгчид бол сэтгүүлч биш эзэд нь юм” гэсэн. Энэ үнэн. Улс төрийн зорилгоор ХМБ ажиллуулаад,  сэтгүүлч нарыг редакц өөрөө чиглүүлээд байна л гэж харж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.