Мэдээний сурвалжлагчид коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын сургалтад хамрагдлаа

Мэдээний сурвалжлагчид коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын сургалтад хамрагдлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс "Ковид-19 дархлаажуулалт ба мэдээний сурвалжлагчдын оролцоо" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг долдугаар сарын 1-ний өдөр цахимаар зохион байгууллаа.

 

Сургалтаар “Монголд хийж буй Ковид-19 вакцинуудтай холбоотой харьцуулалт, шинжлэх ухаанд суурилсан зөвлөмж, мэдээллүүд” болон “Монгол Улсын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явц”  сэдвүүдийг илтгэгч нар танилцуулав. Илтгэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын Албаны дарга О.Дашпагам нар оролцсон юм. Мөн сонин, сайт, телевиз, радиогийн мэдээний 20  гаруй сурвалжлагчид оролцож, сэдвийн хүрээнд санал бодлоо солилцлоо. 

 

Вирусийн мутац, мутацын хоруу чанар юу вэ, вакцины үр нөлөөг буруулах уу, халдварын дараах эмчилгээ, вакцины эргэлзээ, худал мэдээллийн хор уршигаас хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын үр нөлөөг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцооны талаар эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 

Сургалтын талаар NTV телевизийн сурвалжлагч О.Болор-Эрдэнэ Ковид-19-ийн эсрэг вакцинуудын хоорондын ялгааг сайн ойлгож авлаа. Нөгөө талаас шинжлэх ухааны мэдээллийг судлаачдаар тайлбарлуулж, харилцан ярилцсанаар сэтгүүлчид бид олон нийтэд мэдээлэхдээ энгийн ойлгомжтой хэлбэрээр түгээхэд тус дөхөм болно” гэв.

 

Мэргэжилтнүүд ямар ч вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга бол маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зайгаа барих, ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөх явдал гэдгийг онцолж байна. Дэглэмээ барих, вакцин хийлгэх нь халдварын тоог буруулахад нөлөөлнө. Тиймээс олон нийтэд энэ талаар тогтмол сануулж байх нь Ковид-19 дархлаажуулалтын үр нөлөөг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо гэдгийг тодотгов.  

 

Мөн энэхүү сургалтыг  хэвлэл мэдээллийн байгууллагын редакторуудад явуулж байсан удаатай. Цар тахлын үед мэргэжлийн эх сурвалжуудтай биеэр уулзаж, мэдээлэл авах боломж хязгаарлагдмал учраас энэхүү цахим сургалт, хэлэлцүүлгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс үргэлжлүүлэн зохион байгуулах аж. Ингэхдээ сургалтыг орон нутгийн сэтгүүлчдэд зориулан дахин долдугаар сард хийх юм.

 

Эдгээр сургалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжин хамтран ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.