“Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн сэтгүүлч, редакторууд, хэвлэл мэдээллийн салбарын судлаач, хуульчдаас бүрдсэн 30 орчим хүн оролцсон юм.  

 

ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад ямар нөхцөлд эх сурвалжаа нууцлах эрх сэтгүүлчид үүсдэг вэ, үүнийг ёс зүй, эрх зүйн хувьд баталгаажуулсан уу гэдэг асуудал онцгой нөлөөлдөг. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх тухай яригдаж буй энэ үед уг асуудлыг тус төсөлд хэрхэн тусгавал зохилтой талаар олон нийт, мэргэжилтнүүд өргөнөөр хэлэлцэж, санал бодлоо уралдуулах нь чухал байна” гэсэн юм.

 

Хэлэлцүүлэгт Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимиддондог “Мэдээллийн эх сурвалжаа нууцалж хамгаалах нь сэтгүүлчид яагаад чухал вэ?” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Тэрээр нууц эх сурвалжийн тухай сэтгүүл зүйн энгийн бичлэгийн үед биш эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үед л илүүтэй яригдана хэмээн тодотгоод, “эх сурвалжийг яагаад нууцлах ёстой тухай”, “нууц эх сурвалжуудтай хэрхэн харьцаж, хамтран ажиллах, хамгаалах тухай” болон “нууц эх сурвалжийг ашиглахад тавигдах шаардлага, алтан дүрмүүд”-ийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн 1) Хуулийн төслийн хэлэлцүүлэгт мэдлэгтэйгээр, зохион байгуулалттайгаар оролцох, 2) Өөрийн зохицуулалтыг төлөвшүүлэх, ялангуяа нууц эх сурвалжтай холбоотой хэсэг нь хуульд тусгагдсан эсэхээс үл хамааран өөрийн зохицуулалтаар өрнөдөг байхыг дэмжих, 3) Нууц эх сурвалжтай хэрхэн харилцах талаар сэтгүүлчдийн ур чадварыг  дэмжин хөгжүүлэхэд хамтран ажиллах хэрэгцээ байгааг дурдлаа.  

 

Үргэлжлүүлэн “Эх сурвалжаа нууцлах эрхийг хуулиар баталгаажуулах шаардлага” сэдвийн хүрээнд Хууль зүйн мэдээлэл, хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, хуульч Д.Оросоо илтгэл тавьсан. Тэрээр “Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өргөн утгаар авч үзвэл маш олон агуулгыг хамардаг” хэмээгээд, “Хүн (сэтгүүлч, нийтлэлч хэн ч бай) өөрийн үзэл бодол, мэдээлэл, баримтыг өөрийн болон нууц, зохиомол нэрээр нийтлэн гаргах, илэрхийлэх, түгээх, хуваалцах үндсэн эрхтэй. Цаашлаад эх сурвалжаа нууцлах, ил болгох зэрэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга, хэлбэрт хамаарна” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөгжүүлэн тайлбарлаж, ойлголт, агуулгыг бүрэн гаргах хэрэгцээтэй байна. Хуулийн төсөлд тусгагдсан мэдээллийн эх сурвалжийг нууцлах асуудлыг бусад хууль тогтоомж, үг хэлэх эрх, мэдээллийн эрх чөлөөний зарчмын үүднээс уялдуулж, нууц эх сурвалж, шүгэл үлээх, мэдээллийн эрхийн харилцааг эрсдэлгүй хэмжээнд гүйцэт боловсруулах шаардлагатай гэсэн юм.  

 

Оролцогчдын зүгээс хэвлэл мэдээллийн салбарынхан болон мэргэшсэн хуульчид хамтран уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх нь үр өгөөжтэй болохыг дурдаад, цаашлаад холбогдох бусад сэдвээр харилцан мэдээлэл солилцох, санал бодлоо нэгтгэх, зохион байгуулалтад орох нь чухал гэдэг дээр санал нэгдлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.