Орон нутгийн сэтгүүлчид цахимаар сургалтад оролцлоо

Орон нутгийн сэтгүүлчид цахимаар сургалтад оролцлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ковид-19 дархлаажуулалт ба орон нутгийн хэвлэл мэдээллийн оролцоо” сургалтыг цахимаар 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулав. Тус сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Төв, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгийн 30 орчим сэтгүүлч оролцлоо.

 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн Үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимиддондог, Анагаах Ухааны доктор С.Чимидцэрэн нар сургалтад оролцож мэдээлэл хийсэн юм.

 

Сургалтаар Анагаах Ухааны доктор С.Чимидцэрэн коронавируст халдварын вакцинуудыг ямар технологид суурилан бүтээсэн, дархлаажуулалтын үйлдвэрлэл, дэлхийн бусад улс оронд ямар эерэг үр дүнгүүд гарч байгаа тухай илтгэл танилцууллаа. Мөн тэрээр хүний биеийн онцлогоос хамаарч дархлааны үр дүнтэй урвал хэрхэн үүсдэг, эсрэг бие гэж чухам юу болохыг тайлбарлав.

 

Багш Ц.Чимиддондог нь дархлаажуулалтын эрсдэлийн харилцааны гол сэдвүүд болон Ковид-19 вакцины дархлаажуулалтыг хэрхэн мэдээлэх ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн талаар танилцуулав. 

 

Сургалт нь хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд орон нутгийн сэтгүүлчид коронавируст халдварын асуудлыг сурвалжлахад учирч буй бэрхшээлүүдийн тухай ярилцлаа. Тухайлбал, орон нутагт эрүүл мэндийн мэргэжлийн эх сурвалж дутагдалтай, төрийн албан хаагчид мэдээлэл өгөхөөс эмээдэг, цааргалдаг гэх мэт хүндрэл байгааг тэд онцлов. Мөн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сэтгүүлчид шүүмжиллээ.

 

Сургалтын оролцогч Дорноговь аймгийн DTV-ийн сэтгүүлч З.Энхзул “Манай аймгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой бүс гэдгээс хамаарч коронавируст халдварын асуудлыг сурвалжлахад бэрхшээлтэй байна. Ялангуяа төрийн байгууллагууд мэдээллийн агуулгад цензур тавьдаг. Биднийг хэрхэн ажиллаж байгааг сонсож, харилцан ярилцаж, нөхцөл байдал хөрсөн дээрээ ямар байгааг Улсын онцгой комисс болон бусад төрийн байгууллагууд анхаараасай гэж хүсэж байна” гэлээ. Түүнчлэн Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж “Энэ амаргүй нөхцөлд төр, сэтгүүлчид ойлголцох замыг сонгож ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага сэтгүүлчдээс дайжих үе биш юм.  Хамтдаа суугаад ярилцмаар байна” гэсэн саналыг дэвшүүллээ.

 

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Ковид-19 дархлаажуулалттай холбоотой мэдээллийн багцыг сэтгүүлчдэд зориулан бэлтгэхээр зэхэж байна. Тус багцад сэтгүүлчдэд тулгарч буй түгээмэл асуултуудад шинжлэх ухаанд суурилсан тайлбар зөвлөмжийг өгөх, мөн сэтгүүлчдэд хэрэгцээтэй Ковид-19 дархлаажуулалттай холбоотой товхимол, гарын авлага зэргийг багтаах аж. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.