Г.ГҮНЖИДМАА : ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ГИШҮҮДИЙН ОЛОНХ НЬ ЗАХИРНА

Г.ГҮНЖИДМАА : ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ГИШҮҮДИЙН ОЛОНХ НЬ ЗАХИРНА

"Өдрийн сонин"-ы 2015.02.07-ы бямба гаригийн дугаарт хэвлэгдсэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилгын гишүүн, Хэвлэлийн Хүрээлэн ТББ-ын орлогч дарга Г.Гүнжидмаагийн ярилцлагыг хүргэж байна. 

"Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн Зөвлөл "НҮТББ-ыг үүсгэн байгуулах чуулганаа хуралдуулж , удирдах зөвлөл болон хэвлэлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батламжиллаа.

- Олон жилийн өмнөөс яригдсан хэвлэлийн консул буюу Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл байгуулах ажил сая биеллээ оллоо. Чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэв, үр дүнгийн талаар эхлээд сонирхуулахгүй юу?

- Хуралдааныг салбарын олон талын оролцоотойгоор явуулсан. Тодруулбал , хэвлэмэл , өргөн нэвтрүүлэг , цахим, орон нутаг ,мэргэжлийн бүлэг гэсэн салбар хуралдаанд түшиглэсэн. Эдгээр нь тус бүрдээ ажил олгогч, сэтгүүлч гэсэн хоёр салбар хуралдаанаас бүрдсэн. Ингээд салбар хуралдаанаас удирдах зөвлөлд 15, хэвлэлийн зөвлөлд 30 гишүүнийг нэр дэвшүүлж ,батламжиллаа. Хэвлэлийн зөвлөлд ажиллах 30 хүнийг Сонин,сэтгүүл,сайтын ёс зүйн хороо, Телевиз,радио өргөн нэвтрүүлгийн ёс зүйн хороо гэж тус бүр 15 гишүүнтэй байхаар байгууллаа. Хуралдааны нэг гол ажил бол дүрмийн төслийг заалт бүрээр нь хэлэлцэж, оролцогчдын саналыг тусгаж баталсан. Чуулганаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл НҮТББ-ыг үүсгэн байгуулах шийдвэр гаргаад улсын бүртгэлд бүртгүүлэх тогтоолын төслийг чуулганд оролцогчдын 100 хувийн саналаар баталлаа.

- Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороодын дарга нарыг хэрхэн сонгосон бэ?
- Салбар хороод дотроо хуралдаад хүмүүсээ илээр нэр дэвшүүлж олонхийн саналаар удирдах зөвлөл болон ёс зүйн хороодын дарга нарыг сонгосон.Удирдах зөвлөлийн 15 гишүүн дотроосоо хэд хэдэн хүний нэр дэвшүүлж өрсөлдөөд даргаа сонгосон.Удирдах зөвлөл нь хоёр дэд даргатай байхаар болж тодорхой чиг үүрэг хариуцуулсан. Дэд даргаар "Медиа порт ТВ-үүдийн консерциум"-ын тэргүүн Ч.Батцэнгэл, МХЧБФ-ын тэргүүн У.Тамир нарыг сонголоо.Харин Ёс зүйн зөвлөлийн Хэвлэмэл болон цахим хэвлэл мэдээллийн хороон даргаар "Өдрийн сонин"-ы хуулийн зөвлөх, "Нийслэл таймс" сонины ТУЗ-ийн дарга Ш.Сүхбаатар , Ёс зүйн зөвлөлийн Өргөн нэвтрүүлгийн салбарын хороон даргаар МУБИС-ийн Нийгэм ,Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор Ж.Батбаатар нарыг сонголоо. Сонгогдсон нэр бүхий хүмүүс эрх мэдэлтэй болоо гэхээс илүү шинэ тутам байгууллагыг хөл дээр нь босгох, олон нийтийн итгэл үнэмшлийг олж авах гээд бусдаасаа илүү ачаа үүрэх болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвтээ удирдлагын тогтолцоотой буюу бүх гишүүдийн саналд тулгуурлан олонхоор асуудлыг шийдээд явах юм.

-  Хэвлэл Мэдээллийн зөвлөл бүтцийн хувьд Удирдах зөвлөлтэй , Ёс зүйн хоёр дэд хороотой ажиллах нь. Тэгвэл чиг үүргийн хувьд аяж ажиллах вэ?
- Иргэдээс ирсэн гомдлыг барагдуулах чиг үүрэг нь зөвхөн Ёс зүйн хороодод хамаарна. Энэ үйл явцад удирдах зөвлөл хөндлөнгөөс оролцохгүй. Өөрөөр хэлбэл , хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж , нэвтрүүлсэн мэдээлэлтэй холбоотой ёс зүйн асуудлыг хороод хэлэлцээд дүгнэлт гаргаад явна. Удирдах зөвлөл бол энэ байгууллагын бодлого, тогтвортой үйл ажиллагааг хангах , санхүүжилт босгох чиг үүргээ л мэднэ. ТББ-ын хувьд гүйцэтгэх удирдлага буюу захиралтай байх ёстой. Тиймээс энэ ажлын байрыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж , сонгон шалгаруулна. Байгууллагын чиг үүргийг дүрмээр нэлээд тодорхой болголоо. Тухайлбал , хэвлэлийн эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх, сэтгүүлчийн хараат бус байх эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийнхний нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх гэх мэтээр үндсэн зорилго дээр санал нэгдсэн.Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, олон нийтээс сэтгүүл зүйн тодорхой бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдол, санал хүлээж авна.

- Иргэдээс ирсэн санал , гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Хэвлэл мэдээллийн зөвлөлд сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар Монгол Улсын иргэн хэн ч гомдлоо ирүүлж болно. Гомдлыг хүлээж авах, барагдуулах    журмыг ойрын хугацаанд удирдах зөвлөл батлаад www.presscouncil.mn вэб сайтаар олон нийтэд мэдээлснээр иргэдээс санал гомдол хүлээж авах нь нээлттэй болно. Гэхдээ бүх гомдлыг хэлэлцэхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой шүүмжлэл, сэтгүүлчийн биеэ авч яваа байдал, цалин мөнгө, сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийн тухай зэрэг ерөнхий асуудлыг хэлэлцэхгүй. Учир нь эдгээрийг тусад нь хэлэлцдэг төрийн бус байгууллагууд бий.Харин тодорхой бүтээл, нэвтрүүлэг, нийтлэлээр гарсан ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг ёс зүйн хороо хэлэлцээд хамтын шийдвэрийг үндэслэн дүгнэлт гаргах юм. Шийдвэрээ нээлттэй болон хаалттай гэсэн хоёр хэлбэрээр зарлана. Эхний ээлжид тухайн редакцтай холбоотой ирсэн гомдлыг удирдлагууд нь мэдэгдэнэ. Редакц буцаагаад тайлбар өгөх юм уу, хэвлэл мэдээллээр дамжуулан өөрсдөө уучлал гуйсан тохиолдолд асуудал шийдэгдсэн гэж үзнэ.

- Удирдах зөвлөл хэдэн жилийн хугацаатай томилогдохоор дүрэмдээ тусгасан бэ?

- Удирдах зөвлөлийг гурав, зургаан жилийн хугацаатайгаар 49:51 хувийн оролцоотойгоор солихоор дүрэмд заасан. Ямартай ч бүх гишүүд гурван жил ажиллана.Үүний дараа долоон гишүүн орныхоо төлөөллийг оруулж ирээд өөрсдөө чөлөөлөгдөнө. Үлдсэн найм нь зургаан жилийн хугацаатай томилогдож байгаа юм. Тэд шинэ гишүүдийг бэлтгэх, байгууллагын тогтвортой байдлыг хангах юм.

- Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулах гол шалтгаан нь сэтгүүл зүйн ёс зүйн асуудал. Тэр дундаа сэтгүүлчийн бүтээлтэй холбоотой гэдгийг үүсгэн байгуулагчид онцолж байсан. Ер нь сэтгүүл зүйн салбарын ёс зүй дэлхийн хаахна явна вэ?

- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүй болон хариуцлагатай холбоотой асуудал сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулж байна. Хэн нэгнийг шүүмжилсэн төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж түгээдэг, нийгмийн өмнө хариуцлага хүлээхгүй байгаа нь судалгааны тоо баримтаар ч баталгаажиж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс "Сэтгүүлчийн ёс зүй ба хариуцлага" судалгааг үндэсний хэмжээнд явуулахад 70 гаруй хувь нь "ХМХ-ээр цацагдаж байгаа нийтлэл , нэвтрүүлэгт итгэдэггүй, эргэлздэг" гэсэн хариулт өгсөн. Энэ нь ХМХ-ийн салбарынхан өөрсдийгөө эргэн харах, ёс зүйн асуудалдаа нухацтай хандаж , ёс зүйн хэм хэмжээг сахиулан мөрдүүлдэг байхын төлөө ажилладаг Ёс зүйн зөвлөл байгуулах зайлшгүй шаардлагатайг харуулсан л даа. Судалгаагаар ёс зүйн алдааг ихэвчлэн санаатай биш санаандгүй байдлаар гаргадаг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг мэддэггүй, ёс зүйн асуудлыг төдийлөн өдөр тутмынхаа ажилд ойшоодоггүйгээс алдаа гаргадаг. Үүнээс үүдэн хуулбарлах, гүтгэх, доромжлох, баримт нотолгоогүй бичих , мэдээллээ нягтлаагүйгээс наад зах нь хүний овог нэр, газар усны нэрийг хайнга бичих явдал сүүлийн жилүүдэд олширч байна. Цөөн хүний алдаанаас болж сэтгүүлч хэмээх эрхэм мэргэжил , цаашлаад салбарын нэр хүнд амжилттай яваа хэвлэлийн байгууллага , сэтгүүлчдийг доош татаж байгаа сөрөг үр дагавар ч ажиглагдсан.

- Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсанаар сэтгүүлч шүүхэд дуудагдах нь багасна гэж байсан л даа. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

- Дээрх алдаануудаас болж олон сэтгүүлч шүүхэд дуудагддаг. Сэтгүүлч, редакц ч тэр болгонд цаг хугацаа , хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Иймд шүүх рүү явахаас өмнө асуудлаа шийддэг замыг бий болгож , төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын байгууллага хувь нэмэр оруулах ёстой. Ер нь бол Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл байгуулагдсанаар ёс зүйгүй, мэргэжлийн бус бүтээлийг багасгах , шүүх рүү эрүүгийн болон иргэний хэргээр татах тохиолдлыг багасгах , хэвлэлийн эрх чөлөөг улам баталгаажуулах, хэвлэл мэдээллийн нэр хүндийг нь дээшлүүлэх зорилготой. Итгэл үнэмшил, нэр хүнд дээшлэх тусам бизнесийн үйл ажиллагаанд нь илүү эерэгээр нөлөөлөх ач тустай .Тийм болохоор сэтгүүл зүйн салбартаа мэргэжлийн эрүүл байгууллагууд бүгд энэ зөвлөлийг байгуулахад гараа өргөж дэмжсэн. Сэтгүүлч, ажил олгогч, багш, судлаач зэрэг мэргэжлийн хүмүүс гар нийлж байгуулсан учраас энэ зөвлөл үр дүнгээ өгөх итгэлийг төрүүлж байна.

- Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийг шүүх дээр төлөөлөх үү?

- Бид иргэдийн шүүх рүү хандах эрхийг хааж чадахгүй. Бусад орны жишгээс харахад хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага ажиллаж байгаа нөхцөлд иргэд гэхээс илүү нөлөө бүхий хүмүүс сэтгүүлчийг шүүхэд өгдөг байдал эрс багасдаг. Энэ соёл яваа яваандаа төлөвшдөг юм байна. Хэвлэлийн зөвлөл нь ажиллаад , салбар доторх асуудлаа зохицуулах боломж байсаар атал заавал шүүхээр явах гээд байгаа хүн с зүйн хувьд өөрийгөө нийгэмд сөргөөр харагдуулдаг. Тиймээс аль болох өөрийн зохицуулалтын байгууллага руу асуудлыг татаж , шийдвэрлэх гэдэг. Хэрэв тухайн гомдол гаргагчийн эрхийг хэвлэлүүд ноцтойгоор зөрчөөд , асуудал нь Ёс зүйн хороогоор орсон ч шийдвэрлэгдээгүй тохиолдолд цаашаа шүүхэд хандах эрх нь нээлттэй.

М.МӨНХЦЭЦЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.