“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” редакцын удирдамжийг танилцууллаа

“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” редакцын удирдамжийг танилцууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” редакцын удирдамж танилцуулах цахим сургалтыг наймдугаар сарын 20-ны өдөр НҮБХАС, Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Сонин, сайт, сэтгүүлийн нийт 30 орчим сэтгүүлч, редакторуудад удирдамжийг танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаа, бодлогодоо жендэрийн тухай ойлголтыг хэрхэн тусгаж, шингээж болох тухай цахим сургалтыг зохион байгуулав.

 

ХМЗ нь редакцын өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор редакцын бодлогын баримт бичгүүдийг цувралаар гаргаж байгаа. Энэ удаагийн удирдамжийг сэтгүүлч, судлаач Д.Мөнхчимэг, зөвлөх багийн удирдамж чиглэл дор боловруулсан юм. Тэрбээр “Олон улсын томоохон медиа компаниуд мэдээ мэдээллийн агуулгаа жендэрийн мэдрэмжтэй болгох тал дээр санаачилга гаргаж, өрсөлдөх боллоо. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү чиг хандлагаас суралцсанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулж, мөн уншигч, үзэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээл гаргаж чадна. Ингэснээр редакц бусдаасаа ялгарч, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлж, орлогоо ч нэмэгдүүлэх боломжтойг олон улсын туршлага харуулж байна” гэлээ. 

 

Мөн сургалтын үеэр Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б. Онон “Хэвлэл мэдээллийн салбарынхан удирдамжтай болсноор сэтгүүлчид жендэрийн асуудлаар нэгдсэн ойлголттой болно гэсэн үг.  Мөн бие биеэсээ харилцан суралцаж, үр дүнгээ хэмжих боломжтой болох юм.  Удирдамжийн агуулгыг салбарын сэтгүүлч, судлаач нар хамтран зөвлөлдөж, боловсруулсан тул сурвалжлагчид, редакторуудын ширээний ном болно гэдэгт итгэж байна” гэв. 

 

Дараагийн удаад орон нутаг болон телевиз, радиогийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулах бөгөөд Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” удирдамжийг хэвлэмэл хэлбэрээр есдүгээр сард  редакцуудад хүргүүлэх юм. 

 

Түүнчлэн 2020 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцуудад зориулан “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах нь”  болон “Цахим орчинд баримтлах ёс зүйн бодлого” удирдамжийг боловсруулсан юм. Эдгээрийг www.mediacouncil.mn сайтаас хүлээн авах боломжтой.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.