Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцов

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцов

Хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоодын төлөөллийн уулзалт 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр болж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ. 

 

Оролцогчид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар ярилцаад, хуулийн төслийн үзэл баримтлал болон төсөлд тусгагдсан зарим заалтын давуу болон сул талыг тодорхойлж, тэдгээрийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан, чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийг дэмжсэн байдлаар сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.

 

Түүнчлэн салбарын асуудлуудыг хуулиар болон өөрийн зохицуулалтын хүрээнд зохицуулж болох боломжийг хэлэлцэж, улмаар мэдээлэл авах, түгээхтэй холбоотой бусад хуулийн уялдаа холбоог хангах дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Энэ хүрээнд 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаар нарийвчилсан судалгаа хийх, холбогдох олон талт уулзалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах, тэдгээрт тулгуурлан дараагийн алхмыг тодорхойлох зэргээр үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.

 

Уулзалтад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын хүйн радиогийн холбоо, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрх чөлөө нэгдэл, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо ТББ, Глоб интернэйшнл төвийн хуульч болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.