“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн удирдах зөвлөлийн анхны хурал 8 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

 

Удирдах зөвлөлийн хурал төслийн оролцогч талууд болон хамтран ажиллах байгууллагуудын төслийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэгтгэх зорилготой байв. Хурлаар төслийн алсын хараа болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэхэд чиглэжээ. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд ажиллах сонирхолтой эмэгтэйчүүдийн хүрээ өргөжиж, жендэрийн тэгш байдлын талаарх сонгогчдын болон хэвлэл мэдээллийн ойлголт мэдлэг сайжирч, эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх улс төрийн намуудын ойлголт нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ гэж төслийн санаачлагчид үзэж байгаа юм байна.

 

 

Төслийн удирдах зөвлөлийн даргаар НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич, гишүүнээр КОЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жан Мо,  УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, ТББХ-ны гишүүн Ц.Мөнхцэцэг, ХЭҮК-ийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Хунан, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, НХХЯ-ны сайд А.Ариунзаяа, Монфемнет ТББ-ын ерөнхийлөгч Д.Энхжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар ажиллах юм.

 

Уг төслийг Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021-2024 оныг дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. ХМЗ нь хариуцлагатай, ёс зүйтэй, олон ургальч хэвлэл мэдээллийг дэмжиж ажилладаг бөгөөд хэвлэл мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, хэвшмэл хандлагаас зайлсхийх ёс зүйн зарчмын хүрээнд уг төсөлтэй хамтран ажиллана.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.