ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ИРГЭДИЙН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛНЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ИРГЭДИЙН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛНЭ

Хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын байгууллагатай болж буй таатай мэдээллийг бид хүргэж байсан билээ. 

Өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн салбар бүр хуралдан Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулах Чуулганд өөр өөрсдийн төлөөллөө илгээж, уг чуулганаар Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн дүрмийг батлан Удирдах Зөвлөлийн 15 гишүүн, Хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээллийн ёс зүйн хорооны 15 гишүүн, Өргөн нэвтрүүлгийн ёс зүйн хорооны 15 гишүүнийг тус тус томилон баталгаажуулсан юм. 

Шинэхэн байгуулагдаад байгаа Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааны талаар ”Мэдээлэл Холбооны Чадавхийн Хөгжлийн Форум” ТББ-ын тэргүүн У.Тамиртай ярилцлаа. Тэрбээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд даргаар сонгогдоод байгаа юм. 

- Хэвлэлийн Мэдээллийн Зөвлөл чухам ямар зорилготой, яах гэж байгуулагдаж байгаа талаар мэдээлэл багатай хүн олон байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшлийг хөгжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг сайжруулах зорилготой. Хэвлэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзсэн иргэдийн гомдлыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд хэлэлцэн тунгаах учир иргэд хэвлэл мэдээлийн байгууллагаар гарсан мэдээ мэдээлэлтэй холбоотой асуудлаар хандах газартай болж байна гэсэн үг. 

Нөгөө талаас сэтгүүлчийн санаатай, санаандгүй гаргасан зөрчлийг хууль, шүүхийн байгууллагад очихоос өмнө авч үзэж, алдаагаа засах боломж олгож, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн дунд ойлголцлыг бий болгоно. 

Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийнхөө алдааг засаж чаддаг хариуцлагатай гэдгээ олон нийтийн өмнө харуулж чадна гэсэн үг. Энэ нь сэтгүүл зүйг эрүүлжүүлж, олон нийтийн үнэн зөв, баримттай мэдээлэл олж авах эрхийг хангахад бодитой нэмэр болох төдийгүй хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж буй нэг хэлбэр гэж ойлгож болно. 

- Сэтгүүлчид энэ байгууллагыг ямар нэгэн шүүн таслах, эрх хасах байгууллага болж байна гэж эндүүрч ойлгож байх шиг байна. Хэрвээ ямар нэгэн шийдвэр гаргахгүй дүгнэлт л гаргаад явахаар хэр нөлөө бүхий байгууллага болж чадах вэ?

Хэвлэлийн зөвлөл шүүн таслах, эрх хасах зэргээр ямар нэгэн захиргааны хариуцлага тооцдог байгууллага биш. 

Өнөөдөр сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг хүн болгон өөрийнхөөрөө шүүн тунгааж, үнэн, худлаа, гүтгэлээ гээд л ярьцгаадаг.  Гэтэл энэ асуудлыг  мэргэжлийн түвшинд  ярилцаад ирэхээр сэтгүүлч алдаа гаргаагүй байвал гаргаагүйг нь баталж, сэтгүүлч хамгаалагдах болно.  

Харин сэтгүүлч алдсан байвал уучлалт гуйх, залруулга гаргах ёстойг хэлнэ. Зөвлөл бодитой дүгнэлт гаргаад ирэхээр хүн бүр шүүх рүү гүйхээсээ илүүтэй Зөвлөлд хандах болно. Нөгөө талаас сэтгүүлчид Зөвлөлөөр залруулга гарга гэж тэр бүр хэлүүлээд байхыг хүсэхгүй шүү дээ. 

У.Тамир

- Сэтгүүлч болоод уншигч хоёуланг нь хамгаалах байгууллага гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Алдаа гаргаагүй сэтгүүлч бол эмээх зүйл байхгүй шүү дээ. Алдаа гаргаагүй гэдгийг нь нотлоод л өгнө. 

Глоб интернэйшнл төвийн судалгааны тайланд зөвхөн 1999 - 2011 оны хооронд гэхэд л  хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг 297 иргэний, 16 эрүүгийн хэрэг шүүхээр орж байсан, түүнээс хойш энэ тоо баримт нэмэгдэж байгаа гэж дурдсан байсан. 

Шүүхэд гомдол гаргаж байгаа иргэнд ч, шүүхэд дуудагдсан сэтгүүлчид ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаа, нэр төрийн ямар их хохирол учирдаг билээ.       

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл шүүхээс хамаагүй хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэж өгнө.Тэгэхээр уншигч, үзэгчид Зөвлөлд хандаад хамаагүй хохирол багатайгаар нэр төрөө сэргээлгэх, ойлголцох  боломжтой болж байна гэсэн үг. 

Тиймээс  шүүх, хууль хяналтын байгууллагад хандах иргэдийн тоо багасна гэж бид харж  байгаа. 

"Хэвлэлийн зөвлөлтэй орнуудад сэтгүүлч шүүхэд дуудагдах нь эрс буурдаг"

 

 

 

-  Сэтгүүлч хамгаалагдаж буй утга нь сэтгүүлчид хууль хяналтын байгууллагын хаалга татах нь багасна гэдэгт оршиж байна. Зөв үү?

 Тийм ээ. Олон улсын туршлагаас харахадХэвлэлийн зөвлөлтэй орнуудад сэтгүүлч шүүхэд дуудагдах нь эрс буурдаг юм байна лээ. 

Судалгааны баримтуудад дийлэнхи тохиолдол сэтгүүлчдийн санамсаргүй алдаа байдаг гэж дурдагдсан байдаг. Тэгэхээр сэтгүүлчид ёс зүйн дүрмээ баримталдаг болохыг хичээж, тэр хирээр сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар дээшилнэ. Ингэснээр сэтгүүлчийн, хэвлэлийн мэдээллийн нэр хүнд өснө.  

-  Зөвлөлийг үүсгэн байгуулах хуралд бүх сэтгүүлч нар оролцох боломж уг нь байсан.  Гэхдээ оролцоогүй гадна талд үлдсэн хүмүүст хардлага байнга л байдаг. Зөвлөлд сонгогдсон хүмүүсийн сэтгүүлч, эздийн харьцаа хэрхэн хангагдсан бэ?

 Удирдах зөвлөл, ёс зүйн хороод өөр өөрийн чиг үүрэгтэй. Ёс зүйн хороо буюу яг иргэдийн гомдлыг хэлэлцэх тэр хэсэгт судлаач, хуульч гэх мэт мэргэжлийн хүмүүс багтсан, бас сэтгүүлч болон эзэд, ажил олгогчдын төлөөлийн тоо тэгш хангагдсан байгаа.

 Удирдах зөвлөлийн тухайд энэ байгууллагын бодлогыг тодорхойлох, санхүүгийн асуудлыг шийдэх хүмүүс юм. Тийм учраас эздийн төлөөлөл арай илүү оруулсан. Удирдах зөвлөл гомдол хэлэлцэх үйл ажиллагаанд оролцохгүй. 

Сэтгүүлч эзэд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн ач холбогдлыг сайн ойлгож байгаа болохоор сэтгүүлч биш эздээс илүү идэвхи, санаачлагатай оролцсон гэдгийг онцлон дурдмаар байна. Тиймээс  харьцааны хувьд харьцангуй тэнцвэртэй байдал хангагдсан гэж бодож байгаа. 

-   Зөвлөлийн хамгийн түрүүнд хийх ажил нь юу байгаа вэ. Сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн дүрмийг эцэслэн батлах гэж дүрмэнд байсан. Энэ дүрэм хэдийгээр батлагдах вэ?

Бид хоёр сарын хугацааны шахуу төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хамгийн түрүүнд Зөвлөл ямар дүрэм, журмаар ажиллах вэ, ямар дэгээр хуралдах вэ, гомдол хэрхэн хүлээж авч, хэлэлцэх вэ гэх мэт үйл ажиллагаандаа баримтлах дүрэм, журам, баримт бичгүүдийг гаргана. Үүний зэрэгцээ гомдол хэлэлцэхдээ мөрдлөгө болгох “үндсэн хууль”-аа буюу сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батална. 

Эдгээр дүрэм, журам болоод ёс зүйн кодын шинэчилсэн хувилбарын төслүүдийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилласан Медиа Консул клуб боловсруулчихсан байгаа. Тийм болохоор Удирдах зөвлөлийн  болон Ёс зүйн хорооны гишүүд эдгээр төсөл дээр ажиллаж, хэлэлцэн батална. 

Хэвлэлийн Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, процедурын талаар нэгдсэн ойлголт өгөх, олон улсын жишиг, туршлагаас суралцах сургалт, семинар хийхээр төлөвлөж байна. Магадгүй гомдол хэлэлцэх туршилт-сургалт ч хийх байх. Энэ ажлууд ирэх гуравдугаар сарын сүүлээр хийгдэж дуусна гэж төлөвлөж байна. 

-  Сэтгүүлч ямар ёс зүйн дүрэмтэй болох вэ гэдэг хэвлэл мэдээллийнхэн төдийгүй олонд хүнд сонирхолтой байх. Үүнийг илүү дэлгэрүүлэхгүй юу?

Монголын сэтгүүлчдийн 15-р их хурлаар батласан “МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” байгаа. Энэ дүрэм олон улсын жишгээр хийгдсэн, харьцангуй боломжийн дүрэм байдаг. Медиа Консул Клубынхэн энэ дүрмийн заалт бүрээр нь судлаж, олон улсын жишигтэй харьцуулж үзэж, хэрэгжүүлэхэд юу нь тодорхойгүй, юу нь ерөнхий байна вэ гэдгийг авч үзэж, илүү нарийвчилж дэлгэрүүлсэн, тайлбарласан, сэтгүүлчийн өдөр тутам ашиглаж болохуйц нэмэлтүүдийг хийсэн байгаа. Энэ төсөл дээр дахин ажиллаад хэлэлцүүлэг өрнүүлж, батлах юм. 

- Тэгэхээр иргэдийн гомдлыг яг хэзээнээс авахаар төлөвлөж байгаа вэ?

Урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сарын 5-наас иргэдийн гомдлыг хүлээж авах боломжтойболох байх гэж төлөвлөж байгаа.

-  Ёс зүйн хороо өөрөө буруу шийдвэр гаргасан тохиолдолд яах вэ?

Ёс зүйн хорооны гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байвал хоёр хорооны  өртгөтгөсөн хуралдаанаар гомдлыг дахин авч хэлэлцэнэ. Энэ асуудлыг одоо хэлэлцэгдэх үйл ажиллагааны дүрэм, журмандаа илүү дэлгэрэнгүй тусгана. Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн дүрэм, журам, үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна. 

 Түүнээс гадна Ёс зүйн хорооны гишүүд өөрсдөө ёс зүйн кодтой байна. Гишүүдийн ёс зүйн код бас ил тод байна. 

-  Иргэд хэрхэн гомдол гаргах вэ?

Одоогийн журмын төслөөр бол онлайнаар, бичгээр гомдол хүлээн авна гэж заасан байгаа. Мөн ямар төрлийн гомдлыг хүлээж авах, ямар хэлбэрээр хүлээж авах, яаж хэлэлцэх, ямар хугацаанд шийдвэрлэх зэрэг асуудлуудыг гомдол хүлээн авч, шийдвэрлэх журманд тодорхой тусгана. 

-  Хэвлэлийн зөвлөл хаанаас санхүүжигдэх вэ гэдэг сонирхолтой. Энэ асуудлаар мэдээж Удирдах зөвлөл хуралдаад шийдэх ч одоо ямар ямар хувилбар яригдаж байгаа вэ?

Хэвлэлийн зөвлөлөө байгуулсан олон оронд янз бүрийн туршлага байдаг. Тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс авдаг. Ихэнхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эсвэл ямар нэгэн сангаас санхүүжилт босгодог туршлага бий. 

Манай Зөвлөлд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, ажил олгогчдын төлөөлөл түлхүү орсон, тэдэнд ямар нэгэн тодорхой саналууд байна байх гэж бодож байгаа. Бас хэвлэлийн эрх чөлөөг, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд биднийг дэмжиж болох юм. Мөн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй эрүүл байхыг, ёс зүйтэй, хариуцлагатай байхыг дэмждэг бизнесийн байгууллагуудын нийгмийн хариуцлагын хэлбэрийн дэмжлэг ч байж болох талтай. Гол нь бид шинэ байгуулагдсан Зөвлөлөө бүгдээрээ санал нэгдэж, ойлголцон өлгийдөж авсан, одоо бойжуулж, төлөвшүүлэх хүсэл, санаачлага л чухал гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.