Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлгүүд хийлээ

Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлгүүд хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЭМЯ, ДЭМБ-ийн байгууллагын дэмжлэгтэйгээр сэтгүүлч, сурвалжлагчдад зориулсан цуврал сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ингэхдээ коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын тухай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээлэл олгох, салбарын хараат бус эрдэмтэн судлаачидтай харилцаа холбоо үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 удаагийн сургалт, хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

 

Сургалтуудаар дархлаажуулалтын суурь ойлголт, энэ өвчнийг үүсгэгч эсийн онцлог,  вакцины төрөл, вирусын халдварын эсрэг дархлааны хариу урвал, халдварт өвчнийг вакцин нь хэрхэн бууруулдаг, коронавируст халдварын эсрэг вакцины технологиуд, вакцины нөлөөгөөр дархлааны урвал эхлэх гэх мэт сэдвийн хүрээнд шинжлэх ухаан суурилсан мэдээлэл, олон улсын судалгаанаас ЭМЯ, АУ-ны Их сургуулийн доктор, профессор нар танилцуулсан юм.   

 

Энэ удаагийн сургалт нь “КОВИД 19-ИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” сэдвийн хүрээнд болсон бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг хамруулав. Сургалтын үеэр “Коронавируст халдварын вакцинжуулалттай холбоотой цуу яриа, худал мэдээлэл нь иргэдийг төөрөгдөлд оруулж, вакцинд үл итгэх, тээнэгэлзэхэд хүргэдэг. Мөн вакцинжуулалтын тухай судалгааг дэлхий даяар эрчимтэй хийж, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх нь цар тахлын үеийн мэдээллийн харилцаанд чухал. Энэхүү харилцаанд хэвлэл мэдээлэл нь чухал үүрэг, байр суурьтайгаар оролцдог билээ. Нөгөө талаас үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээллийг нягтлан шалгах нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим юм. Иймээс хэвлэл мэдээллийн зөвлөлөөс коронавируст халдварын дархлаажуулалтын сэдвээр мэдээний сэтгүүлчид, ерөнхий редакторуудад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа” хэмээн ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэллээ.

 

Мөн “Зууны мэдээ” сонин, Eguur.mn, news.mn мэдээллийн сайт, TV9 телевизийн Ерөнхий редакторууд цар тахлын үед  ажилласан, вакцинжуулалтыг хэрхэн сурвалжилсан тухай туршлагаас хуваалцсан юм. Түүнчлэн ДЭМБ-аас хүн амын дунд хийсэн ковид-19 өвчний эсрэг вакцины мэдлэг, хандлагын судалгааны үр дүнгээс танилцууллаа. Судалгаагаар хүмүүсээс вакцин хийлгэх гол шалтгааныг тодруулахад нь өөрсдийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалах, дараа нь хэвийн амьдралдаа орох гэж хариулжээ.

 

Энэ үеэр ХӨСҮТ-ээс коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үйл явц, халдварын нөхцөл байдал, мутацлагдсан вирусын тархалтад хийсэн судалгаа, шинжилгээний талаар танилцуулсан юм. Мөн сэтгүүл зүйн багш, судлаачид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад коронавируст халдварыг хэрхэн сурвалж байгаа туршлага, вакцины талаарх эргэлзээг мэдээлэхэд анхаарах зургаан зөвлөмжийг хүргэлээ.

 

6 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулсан цуврал сургалт, хэлэлцүүлгүүдэд нийт 200 орчим мэдээний сэтгүүлч, ерөнхий редакторууд Улаанбаатар хот болон орон нутгаас оролцлоо.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.