ИРГЭД ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД ГОМДОЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хэвлэл мэдээллийн зөвлөл редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн хэм хэмжээ болох “Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг шинэчлэн баталснаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн олон нийтэд түгээсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг иргэдээс хүлээн авч эхэллээ.

Иргэдийн гомдлыг зөвлөлийн ёс зүйн хороод хэлэлцээд ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах юм. Харин уг дүгнэлтийг гаргахын өмнө гомдолд холбогдсон хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, хариу тайлбар хийх боломжоор хангана.

“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг олон улсын нийтлэг жишгийг баримтлан Монголын сэтгүүл зүйн бодит байдалд тулгуурлан боловсруулж, сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дэлгэрэнгүй удирдамж, тайлбарын хамт гаргасан болно. Цаашид энэхүү ёс зүйн зарчмыг сэтгүүлчид, редакцуудад таниулах ажил хийхээр  төлөвлөж байна.

Гомдлыг “Монгол телевиз” цамхагийн 11-р давхарт байрлах Хэвлэл мэдээллийн зөвлөлийн оффист Даваагаас Баасан гарагт 10.00-12.00, 14.30-17.00 цагт хүлээн авах бөгөөд холбогдох мэдээллийг 7000-0160 утсаар лавлаж болно.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн www.mediacouncil.mn веб хуудаст зочилж,  “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” болон “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”–тай танилцаж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.