Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Хэвлэл мэдээллийн бодлого” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2018 оноос эхлэн цувралаар зохион байгуулж ирсэн. Үүний зургаа дахь удаагийн хэлэлцүүлэг “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт” сэдвийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болж өнгөрлөө.
Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, МУЕПГ, СЕХ, ШӨХТГ, ХХЗХ, ШЕЗ, ХЭҮК зэрэг байгууллагууд, мөн редакторууд, хэвлэл мэдээллийн салбарын эвсэл холбоод болон Монголын хуульчдын холбоо, Фаро групп ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
Уулзалтын эхэнд Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир “Сонгуулийн сурталчилгааны үеийн фэйсбүүк орчин дахь мониторинг” сэдвээр илтгэл тавив. Тэрээр 2016, 2020, 2021 онд болж өнгөрсөн сонгуулиудаар нэр дэвшигчдийн фэйсбүүк дэх мэдээлэл, сурталчилгааны хэв маяг хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар танилцуулаад, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдах, ил тод бус байдалд хөтлөх гэсэн дүр зураг ажиглагдаж буйг хэллээ. Мөн сонгуулийн сурталчилгааны тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх контенттой холбоотой заалтууд байгаа ч нийгмийн сүлжээн дэх зохицуулалт, заавар журам нь тодорхой бус байгааг дурдлаа. Түүнчлэн нийгмийн хэвлэл мэдээлэлд зохицуулалт хийх шаардлагатай байгаа бол хувь хүний нийтэлж буй агуулгад гэхээсээ илүү олон улсын чиг хандлагын дагуу технологийн компанитай нь (Фэйсбүүк) шууд харьцаж, тэдэнд уг хариуцлагыг хүлээлгэх ёстой гэдгийг онцолсон юм.
Сонгуулийн үеэр дагаж мөрдөж буй хууль тогтоомжууд нь нэр дэвшигчийг хамгаалахад чиглэснээс бус иргэдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалаагүй байна хэмээн хуульч, судлаач Л.Галбаатар илтгэлдээ онцлов. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх зүйн орчин” сэдэвт илтгэлдээ “Сонгогчид үзэл бодлоо илэрхийлэх, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх зэргээр хамгийн идэвхтэй оролцооны үед сэтгэгдлийг хааснаар сонгогчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан” гэсэн юм. Мөн ХХЗХ-д бүртгүүлээгүй цахим хуудсуудын зохицуулалт орхигдсоны улмаас нэр дэвшигчид тэнцвэргүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдсэнийг тодотгов. Түүнчлэн “худал мэдээлэл”, “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтуудад Дээд шүүхээс тайлбар гаргаагүйгээс шүүхийн практикт ойлголтын зөрүү үүсэх, улмаар үүнийг хэтрүүлэх, урвуулан ашиглах эрсдэл буйг дахин тэмдэглэв. Цаашлаад худал мэдээлэл тараасан тохиолдолд Зөрчлийн хуулиар 5 сая төгрөгөөр торгуулах бол Эрүүгийн хуулиар 450 мянган төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн шийтгэл нь зөрчлийнхөөс бага байж болдоггүй зарчмын эсрэг байгаа бөгөөд ерөөсөө л сонгуулийн үеэр иргэдийн дуу хоолойг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт болжээ гэж харагдаж байна хэмээлээ.
ХХЗХ-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Баттулгын тухайд: Хуулиар тодорхойлсон чиг үүргийн хүрээнд ХХЗХ нь эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлт, шийдвэрийг үндэслэж ажилладаг. Ингэхдээ агуулга дээр зохицуулалт хийдэггүй, харин технологийн арга хэмжээ авдаг хэмээсэн юм. Өнгөрсөн сонгуулиудын үеэр ХХЗХ-ноос зөрчлийг шийдвэрлэх хүсэлтүүдийг Фэйсбүүк компани руу илгээсэн. Эдгээр мэдээллүүд агуулгын хувьд зөрчилтэй эсэх, тэдний стандартыг зөрчсөн эсэх дээр Фэйсбүүк шийдвэрээ гаргаад явуулдаг, мөн заримыг нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ үү хэмээн буцаасан байдаг. Фэйсбүүктэй илүү нягт хамтарч ажиллах, мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага буйг дурдав.
Нийгмийн хэвлэл мэдээлэл дэх иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэрхэн зохицуулж байна вэ, олон улсын хандлага ямар байна вэ гэдэг дээр Глоб интернэйшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн мэдээлэл танилцуулав. Тэрээр хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх оффлайн болон онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой хэмээгээд харин зарим онцгой тохиолдолд цахим орчны зохицуулалт хийгдэж байна гэлээ. Тухайлбал ХБНГУ, Австрали, Итали, Их Британи болон Европын холбооны улсуудад хүүхдийг садар самуунд ашиглах, үндэсний аюулгүй байдлын эсрэг терроризмыг сурталчлах, цахим гадуурхал, дарамтад өртөх зэрэг тохиолдлуудад л хэрэглэгдэж буйг онцлов. Тиймээс цахим орчин, нийгмийн хэвлэл мэдээллийн хүрээнд өрнөж буй харилцааг эрх зүйн хүрээнд тусгайлан зохицуулах шаардлага байхгүй, харин үүнд технологийн дэвшлийг ашиглах, одоо байгаа зохицуулалтыг эргэн харж, жигдлэх хэрэгцээтэй байна гэсэн юм. Цаашлаад цахим орчин дахь хууль бус агуулгыг арилгах, тийм агуулгаас сэргийлэх үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих нөхцөл болох ёсгүйг онцгойлон анхаарах, цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хэрэглэгчдэд зориулсан мэдлэг олгох, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг талууд хамтран зохион байгуулах нь зүйтэй гэлээ.
Хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Бид цахим орчин, нийгмийн хэвлэл мэдээллийн чиглэлийн аливаа нэгэн зохицуулалт юм уу, асуудлыг ярихдаа буцаад хамгийн үнэ цэнтэй, ардчилсан нийгмийн гол тулгуур болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөндөө хязгаар тавьчих вий гэдэг дээр маш болгоомжтой хандах ёстой. Тэгэхээр агуулгын хязгаарлалт биш технологи талруугаа зохицуулалт хийх тал дээр анхаарах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж байна. Мөн Галбаатар хуульчийн хэлсэнчлэн нэр томьёоны тайлбар гаргуулах тал дээр оролцогч талууд хамтран ажиллаж хүчин чармайлт гаргаасай хэмээн хүсэж байна. ХХЗХ-ны зүгээс Фэйсбүүк компанитай холбоотой харилцаа, зөрчлийн шийдвэрлэлтийн тоон болон агуулгын мэдээллийг нээлттэй болгосноор оролцогч талууд цаашид технологийн талбарт юу хийх шаардлагатайгаа тодорхойлох боломжтой болно. Түүнчлэн ХЗДХЯ-ны төлөөлөлд хандаж цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар аливаа зохицуулалт хийхдээ олон талын оролцоог хангасан, санал бодлыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хийхийг уриалаад, үүнд ХМЗ хамтран ажиллахдаа нээлттэй байх болно хэмээсэн юм.
“Хэвлэл мэдээллийн бодлого” 6 дахь цуврал дугуй ширээний ярилцлагын үеэр хэлэлцсэн “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт”-ыг тойрсон асуудлын хүрээнд уг асуудалд хамааралтай оролцогч талуудад хандсан зөвлөмж гаргахаар зохион байгуулагчид тогтлоо.