Тогтвортой хөгжлийн талаар мэдлэг дээшлүүлэх сургалт боллоо

Тогтвортой хөгжлийн талаар мэдлэг дээшлүүлэх сургалт боллоо

“Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан сургалт” 10 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүд цахимаар болж, Улаанбаатар хот, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас 40 гаруй сэтгүүлч оролцлоо. Сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.

 

Сургалтыг нээж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэлэв. Ноён Тапан Мишра нээлтийн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилго нь зүгээр нэг амлалт биш, даян  дэлхийн хүмүүсийн амьдралыг сайжруулах бодлого агуулсан төлөвлөгөө юм. Цар тахлын үед нөхцөл байдал хэцүү болж байгаа ч энэхүү зорилгууд биднийг буцаагаад хөгжлийн замд хөтөлж байна. Засгийн газар эсвэл НҮБ дангаараа энэхүү зорилгуудыг хэрэгжүүлэх боломжгүй. Бидэнд түншлэл, хамтын ажиллагаа чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тогтвортой хөгжлийн асуудлаар иргэдийн оролцоо, ойлголтыг сайжруулж, илүү тогтвортой ирээдүйд хөтөлж чадна.  Мөн бүх талын оролцогчид хоорондoo холбоо тогтооход тусалдаг. Товчхондоо, сэтгүүлчид та бүхэн бол Монголчуудын харах нүд, сонсох чих нь болсон хүмүүс. Олон улсад хэвлэл мэдээллийн байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилгуудыг олон нийтэд таниулахад чухал оролцоотой болж ирж байна” гэдгийг онцоллоо.

 

Сургалтын үеэр МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун илтгэл танилцуулсан юм. Тэрбээр “Тогтвортой хөгжлийн зорилго нь хэнийг ч орхигдуулахгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгах, тэгш бус байдлыг халах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хамгаалах гэх мэт олон улсын хөгжлийн суурь асуудлыг дэлхийн хэмжээнд шийдвэрлэхээр санал болгосон. Иймд бид 17 зорилгыг салгаж биш хамтад нь цогцоор нь харах хэрэгтэй.  Хоорондын хамаарлыг харж байх ёстой. Ихэнх зорилгууд бие биедээ эерэг хамааралтай байдаг. Гэхдээ цөөн тохиолдолд бага зэргийн сөрөг хамаарал бий. Энэ тохиолдолд нийгэм, эдийг засагт аль алинд хожоотой. Тэр хувилбарыг сонгох нь зүйтэй” гэдгийг илтгэлдээ дурдсан юм. Мөн “Аливаа бодлого, улс төрийн амлалтыг тогтвортой хөгжлийн өнцгөөс тайлбарлаж, сурвалжлан бичих хэрэгтэй байна. Монгол улсын хувьд аль нь түлхүүр зорилго болохыг өргөн цар хүрээнд судлах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

 

Мөн Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн Үүсгэн байгуулагч Ц.Чимиддондог хөгжлийн сэдвээр сэтгүүл зүйн бүтээл бэлтгэхдээ хүн төвтэй түүхийг бэлтгэх арга зүй, зарчмыг танилцуулсан бол сэтгүүлч, судлаач Ц.Сувданцэцэг  тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын сэтгүүлчид хэрхэн сурвалжилсан туршлагаас хуваалцсан юм.

 

Түүнчлэн сургалтын үеэр Орхон аймгийн  сэтгүүлч  Б.Мөнхтуяа, Эдийн засгийн шинжээчдийн клубийн зохицуулагч, сэтгүүлч Б.Баяртогтох, Эко Баянхонгор төслийн зохицуулагч, сэтгүүлч Б.Хишигбаяр нар тогтвортой хөгжлийн асуудлыг хэрхэн сурвалжилсан туршлага болон орон нутгийн хөгжилд бүтээлээрээ хэрхэн хувь нэмэр оруулсан тухай түүхээ танилцуулав.

 

Сургалтын дараагаар оролцогчдын дунд бүтээлийн тэтгэлэгт уралдаан зарлаж, шалгарсан сэтгүүлчдэд сонгосон сэдвээрээ олон нийтэд мэргэжлийн болон ёс зүйн шаардлага хангасан сэтгүүл зүйн бүтээл хүргэхэд дэмжлэг үзүүлэн мөнгөн тэтгэлэг олгох юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.