Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монголын сайтын холбоотой хамтран Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2021.10.13-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, тус хуулийн төслийн үзэл баримтлал, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах байдлын талаар санал бодлоо солилцов.
Мөн хуульч Л.Галбаатар хуулийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлаж, нэр томьёо, үндсэн зарчмыг танилцуулсан бөгөөд олон улсын жишигтэй харьцуулж, ялгааг нь тодорхойлсон юм.
Уулзалтын төгсгөлд тус хуулийн төсөлд өгөх саналыг нэгтгэн хууль санаачлагчдад илгээх, дараагийн хэлэлцүүлгийг Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хүрээнд явуулахаар товыг тогтлоо.
ХМЗ нь хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн хэлэлцүүлгийг салбарын бусад байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж байна.