ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

ХМЗ-ийн Удирдах зөвлөл ээлжит хурлаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар энэ оны нэгдүгээр хагас жилийн болон гуравдугаар улирлын үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэж, дөрөвдүгээр улирлын төлөвлөгөө, төсвийг батлав. 

 

Мөн энэ үеэр ХМЗ-ийг үүсгэн байгуулалцсан удирдах зөвлөлийн анхны гишүүд болох У.Тамир, С.Шаравдорж, Д.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаатар, И.Отгонжаргал нарт талархал илэрхийлж, батламж гардуулсан юм. 

 

 

Энэ удаагийн хурлаар ХМЗ-ийн дүрмийн дагуу удирдах зөвлөл болон ёс зүйн хороодод салбар бүрийн квотын дагуу шинэ гишүүдийг УЗ-өөс хэлэлцэн сонголоо. Түүнчлэн гишүүд ХМЗ-ийн сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд Голден пэйж аудит ХХК-аас хийсэн хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлттэй танилцав. 

 

Хурлын үеэр гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа эхний гурван улирлын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар танилцуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах редакцын уулзалтуудыг үргэлжлүүлж, ёс зүйн кодын 3-т заасан хэвлэл мэдээлэл ялгаварлан гадуурхалт, хэвшмэл хандлагаас зайлсхийж, хүн бүрт эрх тэгш хандах тухай заалтын хэрэгжилтийг дэмжих чиглэлд сургалт нөлөөллийн ажлууд эхлүүлж буйгаа онцлов. Удирдах зөвлөлөөс цар тахлын жилд ХМЗ-өөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны цар хүрээ, үр нөлөөг дэмжин сайшааж цаашид мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүл зүйг бэхжүүлж, тогтвортой байдлаа ханган ажиллахыг зөвлөлөө. Ташрамд тэмдэглэхэд ХМЗ энэ оны дөрөвдүгээр улирал хүртэл нийт 52 гомдол хүлээн авсан бөгөөд үүнээс 35 гомдлыг ёс зүйн хороод хэлэлцэн дүгнэлт гаргажээ. Харин үлдсэн 17 гомдлын есийг Ажлын албанаас ХМЗ-ийн хэлэлцэх асуудалд хамаарахгүй гэж үзэж буцаасан бол тавыг нь гомдол гаргагч өөрөө буцаан татсан, гурван гомдлыг дөрөвдүгээр улирлын хурлаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.