Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа хөтөлбөрийг эхлүүллээ

Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа хөтөлбөрийг эхлүүллээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 

 

Хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээлэл, төр, иргэдийн гуравласан төлөөлөл бүхий Зөвлөх болон Үйл ажиллагааны баг бүрдэж, КОВИД-19 цар тахлын үеийн эрсдэлийн мэдээлэл харилцааны туршлагад тулгуурлан зорилтот бүлэгт хандсан мэдээлэл харилцааны туршилтын төслийг хэрэгжүүлэх юм. Улмаар тус төслийн хэрэгжилтэд тулгуурлан хямралын мэдээллийн харилцааг үр дүнтэй явуулах загварыг бий болгохоор зорьж байна. 

 

Хөтөлбөрийн Зөвлөх баг нь сар бүр уулзалт хийж, оролцогч талуудын үйл ажиллагааг бодлогын хүрээнд дэмжин, зөвлөж ажиллах бол Үйл ажиллагааны баг нь олон улсын болон дотоодын сургагч багш нараас бүрдсэн мэдээлэл харилцааны сургалтад хамрагдаж, өөрсдийн мэдлэг, харилцаа холбоогоо нэгтгэн, мэдээллийг нягтлах, найдвартай, хариуцлагатай мэдээллийг түгээх сүлжээ болон ажиллах юм.

 

Үйл ажиллагааны багийн гишүүдийн сургалт цахимаар үргэлжилж “Хямралын үеийн талуудын үүрэг, оролцоо”, “Мэдээллийг оновчтойгоор хүргэх аргууд”, “Мэдээллийг нягтлах, үнэлэх”, “Хүртээмжтэй харилцаа холбоо тогтоох” зэрэг сэдвийг судалсан. Түүнчлэн туршилтын төсөл хэрэгжих талбар буюу Баянзүрх дүүргийн Улиастайн эцэст байрлах 23 дугаар хороонд очин, өрхийн эмнэлэг болон иргэдийн төлөөлөлтэй уулзаад байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.