Зөвлөлийн шинэ гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Зөвлөлийн шинэ гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс шинээр сонгогдсон гишүүддээ зориулсан “Ёс зүйн зарчим ба кэйс менежмэнт” сургалтыг 11 дүгээр сарын 17-нд танхимаар зохион байгууллаа. Сургалтад тус зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороодод сонгогдсон найман хүн хамрагдаж, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэрхэн тайлбарлаж ойлгох, иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлыг журмын дагуу хэлэлцэн дүгнэлт гаргахад суралцсан юм. 

 

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга бөгөөд даргын үүрэг гүйцэтгэгч У.Тамир сургалтыг нээж үг хэлэхдээ “Хэвлэлийн зөвлөлийн гишүүн нь сайн дурын үндсэн дээр өөрийн цаг хугацаа, хүч хөдөлмөр, зүтгэл, сэтгэлээ гарган ажилладаг онцлогтой. Гэсэн хэдий ч салбарынхаа нэр хүнд, итгэл үнэмшлийг өндөр өргөж явахад мэргэжлийн хувь нэмрээ оруулах нь хэн бүрийн хувьд нэр хүндийн хэрэг байдаг” хэмээгээд амжилт хүслээ. 

 

Харин оролцогчид уг сургалтын агуулга, хэрэгцээ шаардлагад сэтгэл ханамж дүүрэн байгаагаа илэрхийлээд гомдол хэлэлцэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь хамгийн сонирхолтой байлаа гэжээ. 

 

ХМЗ-өөс гишүүдээ чадавхжуулах тогтмол сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд шинээр сонгогдсон гишүүд нь ийм төрлийн цуврал сургалтуудад хамрагдахаас гадна 12 дугаар сарын эхээр болох бүх гишүүдийн чадавхжуулах сургалтад мөн оролцоно. Ингэснээр иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг мэргэжлийн түвшинд хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхэд гишүүдийнхээ ойлголт мэдлэгийг нэгтгэж, үйл ажиллагааны чанарын хяналтаа баталгаажуулдаг уламжлалтай. 

 

Энэ удаагийн сургалтыг ХМЗ-ийн сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа, радио, телевизийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимиддондог нар удирдан явууллаа.  

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.