“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалт боллоо

“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье”  сургалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтыг сурвалжлагч, эрхлэгч, судлаач багш  гэсэн төлөөлөлтэйгээр 11 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

 

Сэтгүүлч, редакторуудын мэргэжлийн, ёс зүйн ур чадварыг дээшлүүлж, хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг, чадвар олгох зорилгын хүрээнд   “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтын хөтөлбөрийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан боловсруулсан.  Хөтөлбөрт “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо ба жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй”, “Үл үзэгдэх эмэгтэйчүүд: Эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь”, “Сайн эхнэр, сайн ээж, төгс улстөрч: Хэвлэл мэдээллийн агуулга дахь хэвшмэл ойлголт”, “Үзэн ядах үг хэллэг, жендэрийн мэдрэмжгүй агуулгын үр дагавар” гэсэн агуулгыг тусгажээ.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, сэтгүүлч Э.Энэрэл,  peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор нар тус хөтөлбөрийн дагуу хичээл зааж, улс төрийн асуудлыг хэрхэн сурвалжилсан туршлагаа сургалтын үеэр хуваалцлаа. Мөн оролцогчид хэлэлцүүлгийн үеэр сургалтын үр өгөөжийг хэрхэн сайжруулах тухай санал хэлж, хүн амын 51 хувийн төлөөлж буй эмэгтэйчүүд манай улсад шийдвэр гаргах түвшинд ажиллахад сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэгт хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь  чухал болохыг онцолж байлаа.

 

“Монголын үнэн” сонины сэтгүүлч Г.Нямсүрэн “Сургалтад сууснаар эмэгтэй улстөрчдөө дэмжих тэдний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ойлгосон. Улс төрд зориг, хүч гарган оролцож яваа залуу эмэгтэйчүүдийг дэмжсэн нийтлэл нэвтрүүлэг гаргах хүсэл эрмэлзэл бий болсон” гэж хэллээ.

 

“Сургалтад оролцогчдоос хөтөлбөрийг илүү сайжруулах үнэтэй санал зөвлөмжүүд ирлээ. Бид энэ бүхнийг цаашдын ажилдаа тусгаад явна. Сэтгүүлч, редакторууд болон сэтгүүл зүйн багш, судлаачид хөтөлбөрт маш идэвхтэй оролцож байгаад баяртай байна” хэмээн Д.Мөнхчимэг зөвлөх тэмдэглэв.  Дараагийн сургалтуудыг сэтгүүл зүйн оюутнууд, парламентын сурвалжлагчид болон хэвлэл мэдээллийн редакцуудад зориулан хийх юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.