Гурван улсын хамтарсан уулзалт боллоо

Гурван улсын хамтарсан уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээлэл, төр, иргэдийн гуравласан төлөөлөл бүхий 9 хүнтэй Үйл ажиллагааны баг бүрдсэн билээ. 

 

Уг багийн гишүүд 2021 оны 9 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 3-ны хооронд олон улсын болон дотоодын сургагч багш нарын удирдлага дор “Хямралын мэдээллийн харилцаа” сэдэвт цахим сургалтад хамрагдаж дууслаа. 

 

Улмаар 12 дугаар сарын 6-ны өдөр тус хөтөлбөр хэрэгжиж буй бусад орон болох Кени, Замби улсуудын Үйл ажиллагааны багтай туршлага солилцох уулзалтад оролцов. Уулзалтын үеэр сургалтаас сурч мэдсэн зүйлс, сорилт, бэрхшээлийн талаар нээлттэй ярилцаж, цаашид өөрсдийн мэдлэг, харилцаа холбоогоо нэгтгэн ажиллах төлөвлөгөөг танилцуулан, харилцан санал солилцлоо.  

 

 

Үйл ажиллагааны баг нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдэд хандсан мэдээллийн багцыг бэлтгэн, түгээхээр судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашлаад хямралын мэдээллийн харилцааг үр дүнтэй явуулахад талуудын ойлголт, оролцоог нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. 

 

Үйл ажиллагааны багт хэвлэл мэдээллийг төлөөлж МҮОНРТ-ийн сэтгүүлч О.Пүрэв, Мпресс.мн сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн клубийн үүсгэн байгуулагч Б.Ундрах; төрийн байгууллагыг төлөөлж Засгийн Газрын ХМОНХГ-ын ажилтан О.Баярмаа, ОБЕГ-ын ХМОНХ ажилтан Б.Цэнд, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа; иргэд, иргэний нийгмийг төлөөлж Баянзүрх дүүргийн 23-р хорооны өрхийн эмнэлгийн эмч Г.Чанцалмаа, Ид шидийн орон цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнхцэцэг, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер Н.Ганчимэг нар багтаж байна.     

 

 

“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж буй билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.