"Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье" сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

 

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн, ёс зүйн шаардлага билээ. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 онд өдөр тутмын сонин, мэдээллийн сайтуудын улс төрийн мэдээнд хийсэн контент анализын судалгаанаас үзэхэд  улс төрийн мэдээний  10 эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй, ес нь эрэгтэй байгаа юм. Мөн улс төрч эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүрслэхдээ хувийн амьдралд нь халдаж доромжлон гутаах, нэр хоч өгөх, гадаад дүр төрх, хувцаслалтыг чухалчлан авч үзэх, нөлөө бүхий эрэгтэй хүнтэй хамаатуулах, ингэснээр хэвшмэл ойлголтыг дэвэргэх хандлага түгээмэл байна.

 

Энэ нь олон ургалч байдлаар нийгмийн бүхий л төлөөллийн дуу хоолойг хэвлэл мэдээллээр тусгаж ажиллахгүй байгаагийн илрэл юм. Хүн амын талыг бүрдүүлж буй эмэгтэйчүүд сэтгүүлчийн эх сурвалжийн тойргийн гадна үлдэж, улс төрийн мэдээлэлд хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг дээрх судалгаа харуулж байна. Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургалч байдал багтдаг. Энэ утгаараа мэдээллийн эх сурвалжийн олон ургалч, олон талт байдлыг хангах нь хэвлэл мэдээллийн хувьд нэн чухал билээ. Иймээс “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зарлаж байна.

 

Зорилго: Сэтгүүлч, редакторуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй ажиллах арга барилыг бэхжүүлэх, улс төрийн мэдээллийг олон ургалч байдлаар сурвалжлахад дэмжлэг үзүүлэх.

 

Агуулга: ХМЗ-өөс боловсруулсан “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтын хөтөлбөрөөр дамжуулан оролцогчдод мэдлэг, мэдээлэл олгоно. Хөтөлбөрт улс төрийг мэдрэмжтэй мэдээлэх, хүйсийн тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах, хэвшмэл ойлголтыг хэрхэн халах гэх мэт агуулга багтсан.

 

Хугацаа: Хөтөлбөр үндсэн сургалт, бүтээлийн тэтгэлэг гэсэн 2 үе шаттайгаар 2022 оны 1 дүгээр сарын 21-нээс 3 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

  • Үндсэн сургалт:  1 дүгээр сарын 21-нээс 26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна. Нэг удаагийн сургалт 2 цаг үргэлжилнэ.
  • Бүтээлийн тэтгэлэг: “Мэдрэмжтэй өнцөг” бүтээлийн тэтгэлгийг оролцогчдод олгох бөгөөд улс төрийн олон ургалч, ёс зүйтэй үлгэр жишээ бүтээлийн тоог нэмэгдүүлэх зорилготой. Хэвлэл мэдээлэл, нийгэм, улс төрийн салбарын туршлагатай менторууд таныг сайн бүтээл бэлтгэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

 

Хөтөлбөрийн хамрах хүрээ:

Хэвлэл мэдээллийн олон ургалч байдлыг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй, улс төрийн асуудлаар сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх сонирхолтой сонин, сэтгүүл, мэдээллийн сайт, радио, телевизийн сэтгүүлчид болон чөлөөт уран бүтээлчид.

 

Хөтөлбөрийн үйл явц, сонгон шалгаруулалт:

Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторуудын дунд хөтөлбөрийг 2021.1.5-наас 14-ны өдрүүдэд нээлттэй зарлана. Үүний дараагаар хөтөлбөрт цахимаар өргөдөл гаргасан хүмүүсийн ажлын туршлага, эссэний дүнд үндэслэн сонгон шалгаруулалт хийж, ярилцлагад урих болно. Ярилцлагын шатанд тэнцсэн оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. Нийт 25 оролцогч хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

Онлайн өргөдлийн маягт: https://forms.gle/P8YHLm1UVU8S46qy6

 

Өргөдлийг хүлээн авах хугацаа: 2022.01.14-ний Баасан гаргийн 14:00 цаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.