Asu.mn сайтын редакцын хамт олонтой уулзлаа

Asu.mn сайтын редакцын хамт олонтой уулзлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Asu.mn редакцын хамт олонтой уулзлаа. Энэ үеэр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг тус мэдээллийн сайтын хамт олон сахин мөрдөхөө илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Тус ёс зүйн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалахыг бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг илэрхийлдэг билээ. 

 

Asu.mn сайтын гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан “Манай редакц бол салбартаа залуу байгууллага. Тиймээс ёс зүйтэй, хараат бус хэвлэл мэдээллийн менежментийг бий болгохыг зорьж байна. Орчин цагт уншигчид улс төр, нийгмийн асуудалд дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг уншихыг хүсдэг. Уншигчдынхаа хүлээлт, эрэлт хэрэгцээг хангахын тулд манай баг хамт олон хичээн ажиллаж байна” гэлээ.

 

Уулзалтын үеэр ХМЗ-ийн Ёс зүйн хорооны дэд дарга Ц.Чимэддондог нь "Сэтгүүлчийн ёс зүй ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт" сэдвийн хүрээнд хичээл заалаа. Тэрбээр сэтгүүлчийн ёс зүйн бүтээлийн алдаа нь аюулгүй байдал, амь насанд хүрсэн тухай бодит түүх болон Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын гол гурван санааг нэмж тайлбарлав. Энэ нь бодит байдалд нийцсэн мэдээлэл бэлдэж түгээхийн тулд нягталж баталгаажуулдаг байх, аливаа хэлбэрийн доромжлол, гүтгэлгээс ангид байх, бусдад болон өөртөө хор учруулахаас зайлсхийх юм.

 

Мөн төслийн зохицуулагч А.Амартүвшин Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих чиглэлд ХМЗ-өөс хийж буй ажлууд болон хамтын ажиллагааны тухай танилцууллаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.