Хэвлэл мэдээллийн зөвлөл нэгдүгээр сарын 7-ны өдөр Mpress.mn сайтын редакцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Mpress.mn сайтын ерөнхий эрхлэгч С.Насанжаргал, ерөнхий редактор О.Ариунбилэг нар оролцлоо.
Уг санамж бичигт Mpress.mn сайт нэгдсэнээр ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшний цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд манлайлал үзүүлэхээ илэрхийлж буй. Улмаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, зөвлөлийн үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд таниулах, хорооны шийдвэрийг түгээн сурталчлах зэрэг ХМЗ-ийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад санхүүгийн тогтмол дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
ХМЗ нь хэвлэлийн эрх чөлөө, нэр хүндийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулдаг байгууллага бөгөөд 2015 оны нэгдүгээр сард байгуулагдаж, өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн байгуулагдсан цагаасаа хойш 2022 он хүртэл иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн нийт 457 гомдлыг хүлээн аваад байна.Үүнээс ёс зүйн хороодоор хэлэлцсэн 261 өргөдөл гомдлын 70 гаруй хувийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм.
ХМЗ-ийн нийт санхүүжилтын 20 орчим хувийг хэвлэл мэдээллийн байгууллага, редакцууд олгодог бол үлдсэн хувийг хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих зорилготой төсөл хөтөлбөрүүдээс бүрдүүлжээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг https://resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2021/08/23/wyz40t5jsyhjaafo/Tailan%202020%201.pdf эндээс харна уу.