ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ 7 НАС ХҮРЛЭЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ 7 НАС ХҮРЛЭЭ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үүсгэн байгуулагчид, нийт гишүүд болоод хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг дэмжин ажилладаг хамтрагч байгууллагууд, редакцууд, сэтгүүлчид Та бүхэндээ салбарын өөрийн зохицуулалтын байгууллага үүсч хөгжсөний 7 жилийн ойн баярын мэнд хүргэе!  

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ нь 2015 онд сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд үүсгэн байгуулагдсан бол өнөөдөр долоон жилийн ой тохиож байна.

 

Бид олон нийтийн сонирхолд үйлчилснээр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дагаж мөрдөхөд нь тусладаг. Ингэхдээ хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Түүнчлэн ёс зүйн зарчимд тусгагдсан хэм хэмжээнүүдийг түгээн сурталчлах замаар сэтгүүл зүйн дээд түвшний стандартыг дэмжиж ажилладаг.

 

Бид үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн нийт 457 гомдол хүлээн авсанаас 261 гомдлыг ёс зүйн хороодоор хэлэлцүүлжээ. Ёс зүйн хороод 186 (71%) гомдлыг үндэслэлтэй буюу ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн бол үлдсэн 75 (29%)-ыг ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн үзжээ.

 

Түүнчлэн бид хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчинг таатай болгох, сэтгүүлчдийн мэргэжлийн болон ёс зүйн ур чадварыг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Тодруулбал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халтай хуулийн төслүүдэд санал, зөвлөмж хүргүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэд ёс зүйн зарчмаа мөрдөн ажиллахыг уриалах, салбарын эвсэл, холбоодтой хамтран уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах, хэвлэл мэдээллийн бодлогын судалгаа хийх, редакц, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага, удирдамж бэлтгэн нийлүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт, тэтгэлгүүдэд хамруулах зэрэг ажлуудыг тогтмолжуулжээ.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг дэмжин ажилладаг Та бүхэндээ баярлалаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.