21 аймгийн сэтгүүлчдэд зориулсан "Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье" сургалт боллоо

21 аймгийн сэтгүүлчдэд зориулсан

 

       Хэвлэл мэдээллийн зөвлөл, "Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо" болон "Орон нутгийн телевизүүдийн холбоо"-той хамтран 21 аймгийн сэтгүүлчдэд зориулан “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтыг хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих нь сэдвээрзохион байгууллаа. Cургалтыг 2022 оны нэгдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд Улаанбаатар болон Дорноговь аймагт зохион байгууллаа.

 

       Эдгээр сургалтуудад Монгол орны баруун, зүүн, хангайн, төвийн бүсээс нийт 50 гаруй сэтгүүлч, эрхлэгч, редактoрууд оролцлоо. Сургалтын үеэр бидэнд жендэрийн линз яагаад хэрэгтэй болох, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, сэтгүүл зүйн бүтээлийн агуулга дахь хэвшмэл ойлголт, үзэн ядах үг хэллэгийн үр дагавар, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, энэ сэдвийг хэвлэл мэдээллийн аженда болгох нь зэрэг сэдвүүдээр кэйс ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

       Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С. Шаравдорж хэлэхдээ манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг  нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог  дэмжих асуудал тулгамдсан асуудал байсаар  олон жил болж байна. Бүх түвшинд ярьдаг хэдий боловч хэрэгждэггүй, олигтой ахиц гардаггүй асуудлын нэг яах аргагүй мөн тиймээс орон нутгийн сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг ямар чухал болохыг ойлгож мэдэх боломж олдсон нь энэ удаагийн сургалтын гол үр дүн байлаа гэв.

 

       Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.Баярсайхан сургалтын дараа сэтгэгдэлээ хуваалцахдаа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай ярихаар хүмүүс зөвхөн улс төрч эмэгтэйчүүдийн тоог нэмнэ гэж ойлгоод байна. Гэтэл том зургаар нь харвал энэ нь нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тухай асуудал юм.  Сургалтад сууснаар эмэгтэйчүүдийн тухай нийгэмд түгээмэл байдаг хэвшмэл ойлголтуудыг халж, тэд улс төр, нийгмийн хөгжилд тэргүүлэх оролцоотой байх нь ямар өндөр үр дүнд хүрэх вэ гэдгийг хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх ажилд орон нутгийн сэтгүүлчдийн үүрэг их гэж хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.