МОНГОЛ УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ САЙЖРУУЛАХАД ХИЙСЭН АЛХМУУДЫГ ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧ САЙШААЛАА

МОНГОЛ УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ САЙЖРУУЛАХАД ХИЙСЭН АЛХМУУДЫГ ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧ САЙШААЛАА

Улаанбаатар хот, 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр: ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дуня Миятовичийн ЕАБХАБ-ын шинэхэн оролцогч орон болох Монгол Улсад хийж буй 5 хоногийн албан ёсны анхны айлчлал өндөрлөлөө. 

Тэрээр Монгол улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн түвшинд хүрэхийн тулд маш чухал алхмуудыг хийсэн байгааг онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ чөлөөт хэвлэл мэдээллийг үргэлжлүүлэн дэмжих, цаашид ахиц дэвшил гаргахын төлөөх хүчин чармайлт чухал  ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр “Монголд чөлөөт хэвлэл мэдээлэлтэй холбоотой олон асуудлаар бүс нутагтаа тэргүүлэх чиглэлийн олон арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ талаархи  эрх баригчдын хүсэл бодол ч нааштай байна.” гэжээ.

Айлчлалын үеэр тэрээр УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн нартай уулзснаас гадна УИХ-ын гишүүн М.Батчимэг, Харилцаа Холбоо Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн, Мэдээллийн Технологи, Шуудан Харилцаа ХолбооныГазрын дарга Ц.Жадамба зэрэг хэд хэдэн удирдах албан тушаалтнуудтай уулзав.

Түүнчлэн Миятович Монголын сэтгүүлчид болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн бөгөөд Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Номин болон бусад төлөөлөгчидтэй уулзан Монголын чөлөөт хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан асуудлууд, хэтийн төлвийн талаар ярилцав.

Хатагтай Миятович Монгол улсад анхны, хараат бус Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулагдсан явдалд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү өөрийн зохицуулалтын байгууллагыг цаашид тасралтгүй дэмжин ажиллахын ач холбогдлыг тэмдэглэн хэлэв.

Тэрээр мөн Харилцаа Холбооны Зохицуулах Хороог жинхэнэ утгаараа хараат бус зохицуулагч байгууллага болгохын чухлыг цохон тэмдэглэв.

“Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар ахиц дэвшил гаргасан хэдий ч шийдвэрлэвэл зохих хэд хэдэн асуудал байна” хэмээв.

Тэрээр мөн “Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх болон редакцийн хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд Монгол дахь хэвлэл мэдээллийн өмчлөлийн ил тод байдлыг маш тодорхой болгох ёстой ” гэжээ.

Хатагтай Миятович өмчлөлийн ил тод байдлыг хангах, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах заалтууд бүхий Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэ төслийг УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх гэж буйг онцолсон байна.

Эрх баригчидтай уулзахдаа тэрээр сэтгүүлчид өөрөө өөртөө цензур тавих байдлаас зайлсхийхэд нэр төрд халдахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

          Түүнчлэн хатагтай Миятович ЕАБХАБ-ын оролцогч улс орнуудын албан тушаалтан, албан хаагчдыг  шүүмжлэлд  хүлээцтэйб айж, тэвчээртэй хандаж бусдад үлгэр дуурайлал үзүүлж, улс төрчид болон олны танил хүмүүс сэтгүүлч, блогчдыг яллахаас татгалзахын ач холбогдлыг тэмдэглэв.

Хатагтай Миятович өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжиж байгаа дэвшил болон интернетийг бүх нийтэд хүргэж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ “хар жагсаалт”-ыг интернетийн контентыг зохицуулах арга хэрэгсэл болгон ашиглах ёсгүйг онцлон тэмдэглэсэн ба энэ асуудлаар өөрийн байгууллагаас тусламж санал болгосон байна.

Тэрээр Монгол нийт иргэдэд интернетийг нээлттэй, хүртээмжтэй байлгах талаар онцгой хүчин чармайлт тавигдаж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.

Хатагтай Миятович 5 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО, Глоб Интернэйшнл төв,Нээлттэй нийгэм форум болон Бээжин дэх Австрийн элчин сайдын яамнаас зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад оролцов. Уг хэлэлцүүлэг сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудалд чиглэгдсэн байсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон маш олон сэтгүүлчид цугласан байв. 

Түүнчлэн Миятович 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монголын Засгийн Газраас зохион байгуулсан “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хуралд оролцов. Төлөөлөгч улс орнуудад дэвшилтэт бодлого боловсруулах асуудалд чиглэсэн хуралдаанд интернетийн бодлогыг сайжруулах талаар үг хэлсэн бөгөөд ил тод байдалд олон талын хувь эзэмшигчдийн хамтын ажиллагаа шаардлагатай байгаа талаарх хэлэлцүүлэгт мөн оролцсон юм.

ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч нь ЕАБХАБ-ынгишүүн 57 улс дахь Хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудалд ажиглалт хийдэг .Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн эхэн үед сануул гаөгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахүүрэг амлалтад бүрэн нийцүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Мэдээллийг www.osce.org/fom , Twitter: @OSCE_RFoM болон facebook.com/osce.rfom

Орчуулсан: Д.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.