“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн 9 хүнтэй үйл ажиллагааны баг бүрдсэн билээ. Уг багийн гишүүд КОВИД-19 цар тахалтай холбоотой цаг үеийн хэрэгцээт мэдээллийг зорилтот бүлэгт хүртээмжит хэлбэрээр түгээх мэдээлэл харилцааны ажлыг эхлүүлээд, амжилттай үргэлжлүүлж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдэд хандсан тус ажил нь хэд хэдэн агуулгын хүрээнд явагдлаа. Тухайлбал, Нэгдүгээр сард КОВИД-19 халдварын Омикрон хувилбарын шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, вакцины ач тус, үр нөлөөг олон нийтэд ойлгуулах зорилгын дор тус хорооны иргэд, өрхийн эмнэлэг, мэргэжилтнүүдийг оролцуулсан мэдээллийн багцыг бэлтгэн гаргав. Үүнд, ТВ нэврүүлэг (эндээс үзнэ үү), ТВ сурвалжилга, Фэйсбүүк Live (эндээс үзэх боломжтой), өрхийн эмчийн ярилцлага багтаж байна. Мөн гэр гэртээ цагаан сарыг тэмдэглэх, вакцины нэмэлт тунд хамрагдахтай холбоотой баримт, мэдээлэл бүхий хулдаасан хэвлэл, мэдээллийн хуудас, гарын авлага зэрэг хэвлэмэл материалуудыг бэлтгэж, хорооны иргэдэд түгээсэн юм. Түүнчлэн тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл хүлээн авах итгэлтэт, ойрын суваг болох тул тус эмнэлгийн Фэйсбүүк хуудсыг идэвхжүүлж, хэрэгцээт мэдээллийг хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр бэлтгэн, шуурхай түгээж ажиллалаа.
Хоёрдугаар сард цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан мэдээллийн агуулгаа сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхдүүдийн халдвар, хамгаалал чиглэл рүү хандуулан ажиллаж байна. Уг сэдвийн хүрээнд тус хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 87-р сургууль, ӨЭМТ, Ид шидийн орон цэцэрлэгийн оролцоот Фэйсбүүк Live-г зохион байгуулав (эндээс үзэх боломжтой). Мөн ӨЭМТ-ийн Фэйсбүүк хуудсаар хэрэгцээт мэдээллийг тогтмол түгээж ажиллалаа. Хүүхдүүдэд зориулсан уг мэдээллийг гуравдугаар сард үргэлжлүүлэн хүргэхээр төлөвлөж байна.
Хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн Үйл ажиллагааны багийн гишүүд (гишүүдтэй эндээс танилцана уу) “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриан дор хамтран ажиллаж буй билээ. Мэдээлэл бэлтгэн түгээх ажил нь БЗД-ийн 23 дугаар хорооны удирдлага, Нэмүүлэн ӨЭМТ, Ид шидийн орон #2, Нийслэлийн 87-р сургууль болон тус хорооны иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явагдаж байна. Үйл ажиллагааны тухай мэдээллийг Crisis Communication Chapter - Mongolia Фэйсбүүк хуудаснаас авах боломжтой ажээ.
“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж байна.