“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн дүгнэлтийн уулзалт болов

“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн дүгнэлтийн уулзалт болов

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс найман сарын турш хэрэгжүүлсэн Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна уриатай “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн туршилтын үр дүнг танилцуулах, цаашдын дүр зургийг тодорхойлоход чиглэсэн өргөтгөсөн зөвлөлдөх уулзалт 2022.03.31-ний өдөр боллоо.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, чанартай сэтгүүл зүйн төлөөх иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлийнхээ хүрээнд хямрал, эрсдэлийн үеэрх төр, хэвлэл мэдээлэл, иргэн/иргэний нийгмийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг дэмжих үүднээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. 

 

Хөтөлбөрийн зорилго нь хямрал, эрсдэлийн үед 1) Иргэдийн мэдээлэл авч буй байдлыг сайжруулах, баталгаатай мэдээллээр хангах, 2) Хэвлэл мэдээлэл, орон нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийтийн төлөөллүүд нэг дор цугларч, өөрсдийн мэдлэг, харилцаа холбоог нэгтгэн, мэдээллийг нягтлах, найдвартай, хариуцлагатайгаар түгээх сүлжээ болон ажиллахад чиглэсэн. Энэ хүрээнд есөн хүнтэй үйл ажиллагааны баг бүрдэж, Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн хэрэгцээт баталгаатай мэдээллийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдэд хүртээмжит хэлбэрээр түгээх мэдээлэл харилцааны ажлыг явуулсан юм.  

 

“Багийн ажил нь зорилтот бүлгээ судлахаас эхэлсэн бөгөөд үүндээ тулгуурлан иргэдийн цар тахалтай холбоотой ойрын эх сурвалж болох хорооны өрхийн эмнэлгийн мэдээлэл харилцааны чадавхийг сайжруулах, ойр дотны хүмүүсийн аман яриа, итгэл үнэмшилд үндэслэсэн хүн төвт түүх, асуулт хариултад суурилсан мэдээлэл бэлдэх, түгээх зэргээр ажилласнаараа онцлогтой байлаа” хэмээн ХМЗ-ийн төслийн менежер Н.Ганчимэг тус хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлан, илтгэлдээ дурдав. 

 

Ийнхүү мэдээлэл харилцааны төсөл хэрэгжүүлэх явцад хөтөлбөрт оролцогсод шинэ зүйлийг сурч мэдсэн, бусадтайгаа хуваалцсан, өөрийн эрхэлж буй ажлаа дүгнэсэн, талуудын ажлын онцлогийг харилцан ойлголцсон зэрэг ололт амжилттай байсан тухайгаа хуваалцсан юм. Тухайлбал, төслийн багийн гишүүн, БЗД-ийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” ӨЭМТ-ийн их эмч Г.Чанцалмаа “Эрсдэлийн үед эрүүл мэндийн анхан шатны нэгж иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэдээлэл харилцааны чадавхаа сайжруулах нь иргэний амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн тустай гэдгийг энэ төслөөс ойлгож авсан. Бид мэдээллээ түгээх ямар суваг байна, түүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэгт суралцлаа. Мөн сэтгүүлчид, төр захиргааны байгууллагын төлөөлөлтэй нэг баг болж ажилласан нь баталгаагүй, төөрөгдүүлсэн хуурамч мэдээллээс нийгмийн эмзэг бүлгийг хамгаалахад ихэд тустай байв. Төслийн үр дүнд иргэд эмнэлэг, эмч нарын ажлыг илүү ойлгож, бидэнтэй холбогдох, зөвлөгөө авах байдал нэмэгдсэн” хэмээв. Тус хороонд байрладаг нийслэлийн ерөнхий боловсролын 87-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Наранчимэг хэлэхдээ “Төслийн багийнхан зорилтот бүлгийнхээ мэдээллийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан судалж, мөн тэднийг оролцуулж ажилласан нь үр дүнтэй байлаа. Тодруулбал, манай сургуулийн удирдлагууд болон хүүхдүүдтэй ярилцсаны үндсэн дээр хийх ажлуудаа гаргаж ирсэн нь хамгийн зөв байв. Өсвөр үеийнхэнд үе тэнгийн нөлөөлөл хүчтэй байдаг. Тиймээс хүүхдүүдээр дамжуулж сургуулийн бусад 2265 хүүхдэд болон тэдний цаана байгаа 5000 орчим эцэг эх, асран хамгаалагчдад Ковид19-тэй холбоотой баталгаатай мэдээллийг олгосноороо чухал ач холбогдолтой” гэсэн юм. Төслийн багийн гишүүн, Засгийн газрын ХМОНХГ-ын Цахим мэдээллийн хэлтсийн дарга О.Баярмаагийн тухайд “Уг хөтөлбөрөөс суралцсан мэдлэг, туршлагаа  өнгөрсөн хагас жилийн хугацаанд ЗГ-аас Ковид19-н эсрэг үйл ажиллагаа, дархлаажуулалтыг идэвхжүүлэх ажил гээд олон зүйл дээр ашиглаж, тодорхой үр дүнд хүрсэн. Уг хөтөлбөрийн давуу тал нь оролцогч талуудын хамтын ажиллагаа байв.” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

 

Уулзалтад оролцогсод тус туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэлээ. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Хэвлэл мэдээллийнхэн өрх дээрээ, иргэд дээрээ мэдээлэл яаж хүрч байгааг мэдэрч ажиллаж, том сургамж аваад, хамтарч ажиллан даван туулж болох сайн жишээг үзүүлснийг харлаа” гэсэн бол НЭМҮТ-ийн дарга Д.Нарантуяа “Үүнийг үндэсний хэмжээнд яаж хэрэгжүүлэх вэ, яаж улс орон даяар бүгдийг нь хамруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулъя” гэсэн юм. Уг туршлагыг цаашид хэрхэн түгээн дэлгэрүүлэх боломжийн талаар УОК-ийн Ажлын албаны дарга Т.Баярхүү: Аливаа хямралын үед иргэдийн мэдэх эрхийг үнэн зөв, баталгаатай мэдээллээр хангах, хямралыг аль болох хохирол багатай, эсэн мэнд даван туулах боломж бололцоог олгох нь бидний зорилго байдаг. Үүний тулд энэ туршилтын төслийн хүрээнд бүрдсэн шиг бүтэц байх ёстой нь зайлшгүй байна. Тиймээс энэ чиглэлээр онцгой байдлын байгууллага дээрээ тулгуурлаад, үндэсний хэмжээнд хямралын үеийн мэдээлэл харилцааны баг юм уу, зөвлөл байгуулах, цаашлаад асуудал тулгарсан үед энэ баг бусад талуудтайгаа уялдаа холбоотой ажилладаг байх нь зайлшгүй шаардлагатай. Үүнийг Шадар сайд, ОБЕГ-ын даргын  түвшинд дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг уламжилсан юм. Түүнчлэн уулзалтад оролцсон судлаачид, олон улсын байгууллагын төлөөллүүд уг бүтцийг өргөтгөсөн хүрээнд байгуулж ажиллахыг дэмжээд, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

 

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа уулзалтыг хааж хэлсэн үгэндээ ХМЗ нь нийгмийг хамарсан хямралын онцгой нөхцөл байдалд оролцогч талуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх үүргээ энэхүү төслөөр дамжуулан амжилттай гүйцэтгэлээ. Ийнхүү иргэдийг баталгаатай мэдээллээр хангахад төр, хэвлэл мэдээлэл, иргэний гуравласан холбоо, харилцан итгэлцэл нь хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй. Цаашид хямралын мэдээллийн харилцааны тогтолцоог хөгжүүлэхэд: 1)  Тогтвортой байдал буюу нийгмийн бүтцийн нэг хэсэгт суулгах, 2) Мэргэжилтэн,  боловсон хүчнийг чадавхжуулах 3) Санхүүгийн хувьд урт хугацааны дэмжлэгтэй байх, 4) Хамтын оролцоо буюу төр, хэвлэл мэдээлэл, иргэн/иргэний нийгэм гэсэн талууд гурвуулаа хамтрах явдал гэдгийг онцолсон юм.  

 

Ийнхүү 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал хэрэгжсэн туршилтын хөтөлбөр амжилттай дуусаж, цаашид үндэсний хэмжээнд болон өргөжих эхлэлийг тавиад байна. Оролцсон, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст онцгойлон талархал илэрхийлье. 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл

 

Хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Crisis Communication Chapter - Mongolia хуудаснаас, тайланг //resource4.sodonsolution.org/mediacouncil/File/2022/04/06/zan8o2bag5tih4ok/CCC-report.pdf -ээс татаж авна уу. 

 

“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлэв. 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.