“Өөрөөс нь” цуврал уулзалт эхэллээ

“Өөрөөс нь” цуврал уулзалт эхэллээ

"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс эмэгтэй эх сурвалжийн дуу хоолойг нэмэгдүүлж, сэтгүүлчдэд олон ургалч өнцгөөс асуудлыг харах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор  “Өөрөөс нь” цуврал уулзалтыг зохион байгуулж эхэллээ. Эхний уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-нд парламентын сэтгүүлчидтэй хамтран улсын төсвийн асуудлаар зохион байгуулав. 

 

Уулзалтад нийт 30 орчим сэтгүүлч оролцсон бөгөөд 80 хувь нь парламентын сурвалжлагчид байв.  Эдийн засагч Б.Лакшми “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт”, МУИС-ийн багш, профессор Д.Бумдарь “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд төсвийн асуудал яагаад чухал болох тухай”, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж “Улсын төсвийн тодотголын цаг үеийн нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл өгсөн юм.

 

“Хөндлөнгийн хараат бус эх сурвалжийн байр суурь, засгийн газрын нэмэлт мэдээлэл ямар ч цаг үед сэтгүүлчдэд хэрэгтэй байдаг. Иймээс төсөв, эдийн засгийн асуудлыг сурвалжилдаг сэтгүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл байлаа” хэмээн UBN.mn сайтын эрхлэгч Г.Лхагвадорж хэлэв. 

 

“Өөрөөс нь” уулзалт дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Хэвлэл мэдээлэл дэх эмэгтэйчүүдийн улс төрийн дуу хоолой" сэдвээр үргэлжлэх бөгөөд “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-тэй хамтран зохион байгуулна.

 

Энэхүү цуврал уулзалтын талаар “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин “Манайд хэвлэл мэдээллийн 4 эх сурвалж тутмын 1 эмэгтэй, улс төрийн мэдээллийн 10 эх сурвалжийн 1 эмэгтэй байна. Нийгэмд олон ургалч үзлийг дэлгэрүүлэхийн тулд эхний ээлжинд эмэгтэйчүүдийн үзэл бодол, байр суурийг хэвлэлээр гаргадаг болох нь чухал. Гэтэл улс төр, санхүү, эдийн засаг зэрэг сэдвээр ярих эмэгтэй эх сурвалж ховор байдгийг сэтгүүлчид маань хэлдэг. Тиймээс эдгээр сэдвээр мэргэшсэн эмэгтэй мэргэжилтнүүдэд цаг үеийн сэдвээр мэдээлэл хийх боломж олгох, сэтгүүлчдийг эх сурвалжуудтай холбох зорилгоор энэхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.