“МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ” РЕДАКЦ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

“МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ” РЕДАКЦ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөр нь 1) олон нийтэд мэдээлэл түгээх үүргээ мэргэжлийн, ёс зүйн өндөр түвшинд гүйцэтгэж, 2) уншигч, үзэгч, сонсогчдынхоо мэдэх эрхийг тэнцвэртэй ханган, 3) хэвлэл мэдээллийн салбарт ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд редакцуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн редакцыг шалгаруулж, 12 цагийн сэтгүүл зүйн ур чадвар олгох сургалтад хамруулах бөгөөд, тэднээс хоёрыг нь “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах юм. Cургалтын үргэлжлэх хугацааг редакц өөрийн боломжит өдөр, цагаар сонгох боломжтой. 

 

 

Үндсэн мэдээлэл:

 

Нийгмийн янз бүрийн төлөөллийн дуу хоолойг уншигч, үзэгч, сонсогчдодоо хүргэх нь олон ургалч үзлийг түгээх чөлөөт хэвлэлийн үүрэг билээ. Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн, ёс зүйн шаардлага байдаг. Гэвч сэтгүүл зүйн бүтээлийн агуулгад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дуу хоолойг тэнцвэртэйгээр хүргэх, жендэрийн хэвшмэл ойлголтуудыг халах тал дээр алдаа дутагдал нэлээд гарч байна. 

Тиймээс хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэвлэл мэдээллийн байгууллага, редакц бүр, сэтгүүлч, уран бүтээлч бүр дагаж мөрддөг байхад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ” РЕДАКЦ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хамтын ажиллагааны дэмжлэгээр зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн тэгш оролцоо, тэр дундаа  жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн агуулгыг шингээсэн 12 цагийн сургалтыг сонгогдсон редакцуудад зориулан 2022 оны тавдугаар сард зохион байгуулж, редакцын нийт баг бүрэлдэхүүний  мэргэжлийн, ёс зүйн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

 

 

Хөтөлбөрт хамрагдсанаар танай редакц: 

 

  • Редакцын бодлого, хөтөлбөрийн агуулгаа сайжруулахад мэргэжлийн туслалцаа авах; 

  • BBC-гийн “50:50” төсөл, “Интерньюс”-ийн “Бодит байдлыг тусга” санаачилга зэрэг олон улсад амжилттай хэрэгжиж байгаа туршлагаас судлах, суралцах, хамтран ажиллах боломж;

  • Баг, хамт олныхоо мэргэжлийн, ёс зүйн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн тэгш оролцоог ханган, жендэрийн мэдрэмжтэй өнцгөөс мэдээлэх, сурвалжлах, хэвлэл мэдээллийн бүтээлийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг, ур чадвартай болох; 

  • Сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг дээшлүүлж, эх сурвалжаа төрөлжүүлэх урт хугацааны үр дүнтэй, ашиглахад хялбар аргачлалыг редакцдаа нэвтрүүлэх; 

  • Уншигч, үзэгч, сонсогчдоо бүрэн гүйцэд төлөөлөхүйц чанартай бүтээлийн төрөл, хэлбэрийг төлөвшүүлж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг ач холбогдолтой. 

 

 

Хөтөлбөрт хамрагдах редакцад тавих шалгуур үзүүлэлт:

 

  • “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн аргачлалыг редакцын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, тогтвортой ашиглах хүсэл, эрмэлзэлтэй байх; 

  • Редакцын нийт ажилтны тоо 8-аас цөөнгүй байх; (Хэвлэл мэдээллийн хэд хэдэн сувагтай байгууллага группээрээ оролцох боломжтой. Тухайлбал сонин, ТВ, радио гэсэн сувгуудтай хэвлэл мэдээллийн компани эдгээр сувгуудынхаа мэдээ, нийгмийн хөтөлбөр хариуцсан редакцуудаа нэгтгээд НЭГ редакц болж хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой) 

  • Нийт 12 цагийн (Энэ нь уян хатан байж болно, жишээ нь 3 тал өдөр, 2 өдөрт 6, 6 цагаар гэх мэт) сургалтад сэтгүүлч, редактораас гадна сурвалжлагч, хөтлөгч/нэвтрүүлэгч, зураглаач, найруулагч, фото зурагчин, эвлүүлэгч зэрэг сэтгүүл зүйн бүтээл хийхэд оролцдог бүх уран бүтээлчийг  бүрэн хамруулах;

 

 

Хүсэлт хүлээн авах хугацаа:  

 

“Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага/төлөөлөл 2022 оны тавдугаар сарын 9-ний Даваа гарагийн 18:00 цагаас өмнө  дараах формыг бөглөж, илгээнэ. https://bit.ly/3vHJY3K 

  

 

Сонгон шалгаруулалт хийх, редакцад мэдэгдэх үйл явц:

 

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд бүртгэлийн формд үндэслэн ерөнхий шалгуурт тэнцсэн байгууллагуудыг тодруулах бөгөөд хоёрдугаар шатанд товч ярилцлага хийж, эцсийн шийдвэрийг гарган, шалгарсан байгууллагуудад мэдэгдэнэ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.