Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрт МҮОНР-ийн 3-р суваг Р3 ФМ радио, "Зууны мэдээ" сонин, GoGo.mn сайт, Малчин телевиз оролцохоор шалгарсан билээ. Тус хөтөлбөр сургалт, менторшип гэсэн хоёр үе шаттайгаар болж буй бөгөөд сургалт нь тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
Хичээлийн агуулгад сэтгүүл зүйн үнэ цэн, мэдээллийн хэрэгцээ, эх сурвалжийн түвшин, хүйсийн тэнцвэрт байдал, дата сан болон жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн оруулах хувь нэмэр гэх мэт сэдвүүд багтжээ. Мөн энэ үеэр сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг дээшлүүлж, эх сурвалжаа төрөлжүүлэхэд ашиглах олон улсын аргачлалыг танилцуулж байна. Сургалтын дараагаар хоёр редакцыг сонгон авч менторшип хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулна.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, сэтгүүл зүйн сургагч багш Ц.Чимэддондог нар хөтөлбөрийг удирдан явуулж байна.