ОРОН НУТАГТ ХИЙСЭН СУРГАЛТ СЕМИНАР

ОРОН НУТАГТ ХИЙСЭН СУРГАЛТ СЕМИНАР

МХМЗ орон нутгийн сэтгүүлчид болон иргэдэд зориулсан ээлжит сургалт семинараа 2016 оны арваннэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод, 2017 оны дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Дорнод аймагт Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт-хөгжлийн шинэ хуудас” сэдэвт сургалт семинарт 20 аймгийн 36 хэвлэл мэдээллийн байгууллагын 95 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийн ёс зүйн өнөөгийн байдалд хийгдсэн судалгаа, мониторингийн дүн, тэдгээрийн үр дүнд хийсэн шинжилгээ болон өөрийн зохицуулалт нь Монгол Улсад нэвтрүүлж буй шинэ соёл болох тухай танилцуулж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг хэрхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг, ойлголтыг өгсөн юм.

 

         Оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тохиолддог алдаа оноо, бэрхшээлийн талаар ярилцаж, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталснаар сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, редакцийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хараат бус байдлыг хангах чухал ач холбогдолтойг онцолж байлаа.

         Иргэдэд зориулсан сургалт, семинарт Орхон, Дорнод аймгуудын 100 иргэн, нутгийн захиргааны ажилтан оролцож, хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль, өөрийн зохицуулалт нь иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтийн эрх ашгийг хамгаалах механизм болох талаар мэдлэг ойлголт өгч, иргэд МХМЗ-д гомдлоо хэрхэн гаргах талаар танилцуулав.

 

         МХМЗ байгуулагдсан нь цагаа олсон, нийгэмд хүлээгдэж байсан үйл явдал төдийгүй хэвлэлийн чанар, хариуцлагыг сайжруулж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн иргэд талархан хүлээж авч байсан төдийгүй нутгийн захиргааны ажилтнууд сум, багийн ажилтнууддаа МХМЗ-д гомдол гаргах боломж нээгдсэн талаар танилцуулах бодолтой байгааг илэрхийлэв.

 

         Сургалтаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын постер, гарын авлагыг хүлээлгэн өгч, иргэдэд МХМЗ-д хэрхэн гомдлоо гаргах талаархи танилцуулга тарааж, гомдол хэрхэн гаргах талаар багийн ажил зохион байгууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.