ХМЗ-ийн гишүүд, ажилчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа

ХМЗ-ийн гишүүд, ажилчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд болон хуульч, ажлын албаны мэргэжилтнүүд зургадугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд чадавхжуулах сургалтад хамрагдлаа. 

 

Тодруулбал, Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце 17-ны өдөр ХМЗ-ийн удирдлагуудтай уулзаж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшил хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Мөн 18-ны өдөр ёс зүйн хороод болон удирдах зөвлөлийн гишүүдэд кейс менежментийн сургалт хийлээ. Энэ үеэр ХМЗ-өөс шийдвэрлэсэн хэргүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэнээс гадна дайн, зэвсэгт мөргөлдөөний үеийн хэвлэл мэдээллийн үүрэг, сэтгүүлчийн ёс зүйн талаар мэдээлэл солилцов. 

 

ХМЗ-ийн ёс зүйн хороод хүн амины гэмт хэргийн талаар мэдээлсэн хэд хэдэн редакцад хаягласан гомдлуудыг хэлэлцсэн билээ. Ийм төрлийн гомдлуудыг хэлэлцэхдээ тухайн үйл явдлын зураг, дүрс бичлэг, хохирогч болон сэжигтний нэр, хаяг, ажлын газар зэрэг хувийн мэдээллийг олон нийтэд танигдхаар мэдээлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатайг сургалтын үеэр тэмдэглэв. 

 

Түүнчлэн редакцуудын зүгээс ХМЗ-д гомдол хаяглагдсан мэдээллийг бэлтгээгүй, зөвхөн хамтарч ажиллах гэрээний хүрээнд тухайн мэдээллийг түгээсэн гэсэн хариу тайлбарууд ирүүлдэг. Энэ тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн редакц нь сэтгүүлчийнхээ бэлтгэсэн төдийгүй өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн мэдээ мэдээллийнхээ ёс зүйн болон хуулийн хариуцлагыг хүлээх учиртайг онцоллоо. 

 

Мөн 20, 21-ний өдрүүдэд ХМЗ-ийн ажлын албыг чадавхжуулах сургалт хийж дээрх сургалт, уулзалтуудад ХМЗ-ийн хуульч, мэргэжилнтүүд оролцсон юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.