ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ХЭЛЭЛЦЭВ

ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ ХЭЛЭЛЦЭВ

“Хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй олон улсын туршлага” сэдэвт редакторуудын ээлжит уулзалт 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр боллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Fact Check Mongolia сүлжээтэй хамтран зохион байгуулсан тус уулзалтаар Норвегийн Осло хотноо болсон "Глобал Факт-9" олон улсын баримт нягтлагчдын хурал, ХБНГУ-ын Бонн хотод болж өнгөрсөн “Глобал медиа форум”-аар хэлэлцсэн асуудлыг хөндөн ярилцсан юм. 

 

Уулзалтын эхэнд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо Олон улсын баримт нягтлан шалгагчдын сүлжээний (IFCN) дайн болон хямралын үед хамтран ажилласан туршлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр олон улсын сүлжээнд ажиллахын давуу тал, дэлхийн хэмжээнд цар хүрээгээ тэлэх боломж болон сорилт бэрхшээлийг жишээ татан танилцуулав. Түүнчлэн хямралын үед мэдээлэл заримдаа хоол хүнснээс ч илүү чухал байдгийг, сошиал медиагийн алгоритмууд нь улс төрийн туйлшралыг бий болгож, уян хатан, хүлээцтэй, ардчилсан сэтгэлгээг булааж буйг, иймд сэтгүүлч, баримт нягтлагчид багаар хамтран ажиллахын чухлыг тус төвөөс хийсэн мэдээлэлд онцолж байлаа. 

 

Үүний дараа Fact Check Mongolia сүлжээний гишүүн редакцын нэг iKon.mn сайтын ерөнхий эрхлэгч Р.Оюунцэцэг олон улсын баримт шалгагчдад тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулж буй талаар илтгэл танилцуулав. Тэрээр цар тахал, ОХУ, Украины дайн зэрэг хямралын үед баримт нягтлагчдын үүрэг, оролцоо, баримтад суурилсан сэтгүүл зүйн үнэ цэн өсөж байгааг дурдаад, үүний зэрэгцээ сэтгүүл зүйд, баримт нягтлагчдад улстөрчдийн учруулж буй эрсдэлийг онцлон тайлбарлалаа. Баримт нягтлан шалгагчидтай яг адил зарчмыг баримталж ажилладаг хэмээн өөрсдийгөө тодорхойлдог ч олон нийтийг төөрөгдүүлсэн, бодит баримтыг гуйвуулсан улс төрийн пропаганда түгээдэг “хуурамч баримт нягтлагчид” (Fake fact-checkers) гарч ирж буй нь анхаарал татаж байна гэв. Улмаар үүний эсрэг баримт нягтлагчид илүү мэдлэгтэйгээр технологийн давуу талыг ашиглан ажиллах шаардлагатай байгааг хэллээ. 

 

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ: “ХМЗ үйл ажиллагаа явуулсан 7 жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэх 500 гаруй гомдлыг хүлээж авсан байдаг. Үүнд хийсэн дүн шинжилгээнээс харахад Ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Нягтлан шалгах”, 1.2-т заасан “Эх сурвалжаа баталгаажуулах” гэдэг заалтууд илүү зөрчигдсөн байдаг. Эдгээр алдааг бууруулахын тулд ХМЗ зүгээс баримт нягтлагчдыг редакцуудтай холбох, хамтран ажиллах боломжийг нь бүрдүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр редакцууд баримтыг нягтлан шалгах чадавх нэмэгдэнэ гэж харж байна” гэлээ. Түүнчлэн тэрээр баримт нягтлагчид болон редакцуудыг хамтран ажиллахыг уриалаад, хамтарсан уулзалт, редакцын сургалт, менторшип хөтөлбөр зохион байгуулах, мэргэжилтнүүдийн сүлжээ үүсгэх зэргээр ажиллах боломж бийг дурдлаа. 

 

 

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.