ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН САЛБАРЫНХАН ХЭЛЭЛЦЭВ

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН САЛБАРЫНХАН ХЭЛЭЛЦЭВ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Глоб интернэшнл төвөөс зохион байгуулсан “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн салбарынхан санал солилцлоо. Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төвөөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлын мониторингийг танилцуулсан юм.

Мөн Ардчилал дахь хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг бууруулах шинэ оролдлого, Монгол улсын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, Ардчилсан сонгууль, ардчиллын соёлд хэвлэл мэдээллийн оруулж буй нэмэр, Цахим эрин үе сонгуульд хэрхэн нөлөөлж байна вэ зэрэг сэдвийн хүрээнд хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөллүүд панель хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ардчилсан сонгууль, ардчиллын соёлд хэвлэл мэдээллийн оруулж буй панель хэлэлцүүлгийн үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Ардчиллыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл муугаар нөлөөлж байна гэдэг. Үүнийг гадаад болон дотоод хүчин зүйлээс нь харах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд төр хэрхэн нөлөөлж байна вэ, эдийн засгийн хувьд хараат бус байх нөхцөл нь байна уу, эрх зүйн орчин ямар байна вэ гэх зэргээр бүгд асуултын тэмдэгтэй байна. Голлох хэвлэл мэдээллийн хэрэгслийн 90 орчим хувийг улс төрийн эрх мэдэлтнүүд эзэмшдэг. Үүнд  эргээд шаардлага тавихад асуудал тулгарна” гэлээ.

 

Түүнчлэн тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хараат бусаар ажиллах нөхцөл дутмаг. Мөн зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг эдийн засгийн аргаар айдаст автуулж байна” хэмээн дурдсан юм.

Дэлхийн хэвлэл эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн тэмдэглэлт ойн сэдэв нь “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” юм. Энэ нь Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс болон Африкийн холбооноос хамтран 2019 оны тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Аддис-Абеба хотноо зохион байгуулж буй олон улсын бага хурлын сэдэв болохоос гадна дэлхий дахинд зохион байгуулагдаж буй хэд хэдэн үйл ажиллагааны гол сэдэв болох юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.