МEDIA COUNCIL MONGOLIA (MCM) КЛУБ ХЭЛЭЛЦЭЖ, ДҮГНЭЛТ ГАРГАЛАА

МEDIA COUNCIL MONGOLIA (MCM) КЛУБ ХЭЛЭЛЦЭЖ, ДҮГНЭЛТ ГАРГАЛАА

Nuuts.mn сайтад 2014 оны гуравдугаар сарын 31-нд нийтлэгдсэн мэдээлэл:

С.Дэмбэрэлгишүүний “хүүхэндэж” байгаа зураг


УИХ-д олон зорилогоор шургалдаг. Мөнгөэрх мэдэл, албан тушаал, тендерийн ерөнхий зохицуулагч гэх мэт  “хандах зүгээ” тодорхойлсон нөхөд ард түмний нэрийг барин гишүүн болдог. Тэгвэл тэдний дэргэд хамаагүй  “гэгээн” зорилготой нэг эрхэм байгаа нь С.Дэмбэрэл гэнэ.  ХАҮТ-ийн тэргүүн тэрээр бараг л “хүүхэндэх” гэж УИХ-д орсон бололтой. “Хүүхэндэх нь түүний сэтгэл санааг өөдрөг байлгаад зогсохгүй ажиллах эрч хүч өгдөг гэнэ.  “Хүүхэндэхгүй” удвал уур уцаартай болох ажлын бүтээмж муудах зэргээр цаагуураа Монгол төрийн  “чадавхийг” бууруулсан муу үр дагавартай аж. Эрхэм гишүүний Төрийн ордонд болсон нэгэн арга хэмжээний үеэр  “хүүхэндэж” байгаа зургийг та бүхэн харж байна.  “Хүүхэндэх”-ийн тулд эхлээд өөрийгөө эерэг талаас нь танилцуулах хэрэгтэй. Үүний тулд гоёмсог сайхан нэрийн хуудас ашигладаг бололтой. Түүнд нь “УИХ-ын гишүүн тэрний тэр болой” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг биз. Энэ нь мэдээж бүсгүйчүүдэд цахилгаан мэт нөлөөлнө.  Ингээд л  “хүүхэндэх” ажиллагаа эхэлдэг гэнэ дээ.


Nuuts.mn сайтад 2014 оны гуравдугаар сарын 31-нд нийтлэгдсэн дээрх мэдээллийг Мedia Council Mongolia (MCM) клуб хэлэлцэж, дүгнэлт гаргалаа. 

Nuuts.mn –нд нийтлэгдсэн мэдээ нь эх сурвалж тодорхой байх, баримт нотолгоотой байх, хувийн үзэл бодлыг баримтаас ялгаж зааглах зэрэг сэтгүүлзүйн бичлэгийн суурь шаардлагыг хангаагүйгээс гадна 2011 онд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн XV Их хурлаас баталсан Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын дараах заалтуудыг зөрчиж байна. 

Үүнд: 

  • Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ
  • Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй
  • Шашин шүтлэг, нас ХҮЙС, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй
  • Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.

Монголд хариуцлагатай сэтгүүлзүйг дэмжин хөгжүүлэх, мэргэжлийн хэм хэмжээний үнэ цэнийг өндөржүүлэх, өөрийн зохицуулалтын тогтолцоог бий болгоход хувь нэмэр оруулах зорилго бүхий Media Council Mongolia клубээс энэхүү мэдээллийг буруушааж, www.nuuts.mn -ийг дээрх “мэдээ”-г залруулан, гэрэл зурагт өртсөн бүсгүйгээс уучлал гуйж, хойшид хариуцлагатай сэтгүүлзүйн зарчмыг эрхэмлэн ажиллахыг уриалж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.