САНУУЛГА: МОНГОЛД ҮГ ХЭЛЖ БОЛОХ УУ?

САНУУЛГА: МОНГОЛД ҮГ ХЭЛЖ БОЛОХ УУ?

ЕАБХАБ-ын хоёр сануулгыг эс тоожээ

Монголын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдсаар байгаа тухай бид өчигдөр “Нэг эзэнтэй хоёр кэйс” нийтлэлдээ бичсэн.


Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хумьж байгаа явдалд гадны байгууллагууд биднээс илүү санаа зовинож байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн зун www.amjilt.com сайтыг Харилцаа, холбооны зохицуулах газар хаахад, мөн жиргээч Ц.Батыг Зам тээврийн сайд асан А.Гансүхийг доромжилсон хэргээр шүүхээс гурван сар баривчлах ял ногдуулахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас /ЕАБХАБ/ Монгол Улсад сануулга ирүүлж байжээ.

Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элсэн орсон. Энэ байгууллагад элсэн орсон гишүүн орнууд хэд хэдэн үүрэг хүлээдгийн нэг нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг дээдлэх явдал юм. Энэ дагуу тус байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Дунья Миятович дээрх хоёр тохиолдол гарсан даруйд Монгол Улс дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилтэд санаа зовинож байгаагаа мэдэгдэж байсан байна.

“Олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллийг авах эрхийг төрийн зохицуулалт бүхий байгууллагаар дамжуулан хааж байгаад санаа зовинож байна” хэмээн www.amjilt.com-ийн тухайд мэдэгдсэн бол “Гүтгэлэг, доромжлолын шийтгэл болгон баривчлан хорьж байгаа нь хүлээн авах боломжгүй арга хэмжээ юм. ЕАБХАБ олон жилийн турш гүтгэлэг, доромжлолыг эрүүгийн хэрэг болгон үзэхгүй байлгахаар тэмцэж байна. Энэ нь чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл болох юм” хэмээн жиргээч Ц.Батын хэргийн дараа мэдэгджээ.

Харин Монголын Засгийн газрын зүгээс энэ сануулгад ямар нэг хариу үзүүлээгүй байна. Монголын Засгийн газраас тайлбар, хариу өгөхгүй байгаа энэ байдал нь ЕАБХАБ-ын эгдүүцлийг бүр ч илүү төрүүлж байгаа гэх бөгөөд хамгийн ноцтой нь энэ хооронд дараагийн хэрэг буюу иргэн М.Даваапилтэй холбоотой бас нэгэн асуудал яригдаж эхэлсэн явдал юм. Одоогоор М.Даваапил гэгч нь Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гүтгэсэн хэргээр  шүүхээс мөнгөн торгуулийн ял аваад байгаа юм. ЕАБХАБ хэдийгээр М.Даваапилийн хэргээр одоогоор ямар нэг реакц үзүүлээгүй байгаа ч магадгүй хоёр сануулсан, гурав дахиа арай хатуу хариу бэлдэж байж ч болох юм.

Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн хөгжиж байгаа, зарим нэр хүндтэй томоохон байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн талаар яригддаг. Олон улсын байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэн орно гэдэг бол тухайн байгууллагын өмнө тодорхой үүрэг хүлээж, даган биелүүлэхээ амладаг.

Даяаршсан дэлхийд улс орноос дотоодын төдийгүй гадаад имижээ хадгалах өндөр ур чадвар, өндөр хариуцлагыг шаардаж байгааг бид мартах учиргүй. Гэтэл эхнээсээ иймэрхүү нүдэн балай, чихэн дүлий байх аваас улсын нэр хүнд, цаашдын харилцаанд сэв суулгах нь тодорхой.

Д.НАРАНТУЯА

Мэдээллийн эх сурвалж : www.news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.