Редакторуудын зөвлөлдөх уулзалт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвээр болов

Редакторуудын  зөвлөлдөх уулзалт  “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвээр болов

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж“ сэдвийн хүрээнд 9 дүгээр сарын 14-нд боллоо. Уулзалтаар BBC-гийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Миранда Холт “50:50 хөтөлбөр”-ийн талаар танилцуулав. Тэрээр илтгэлдээ сэтгүүл зүйн бүтээлийг жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн дуу хоолой, байр суурийг бүтээлдээ элбэг оруулснаар эмэгтэй уншигч, сонсогч, үзэгчийн тоо өсөж, бизнест сайнаар нөлөөлж буй тухайгаа дурдсан юм. Тухайлбал, BBC онлайн хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулахад олонх нь агуулга дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнийг анзаарсан гэж хариулсан бөгөөд 16-34 насны эмэгтэй хэрэглэгчийн тоо нэмэгдсэн байна. 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь энэ оны эхээр BBC-гийн тус “50:50 хөтөлбөр”-ийн түншлэгч байгуулга болж, түүчээлэн ажиллах болсон. Ингэснээр 2022 оны зургаадугаар сараас хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” редакцын менторшип хөтөлбөрийн хүрээнд “Зууны мэдээ” сонин, GoGo.mn мэдээллийн сайт нь тус хөтөлбөрийн албан ёсны түнш болсон юм. 

 

Уулзалтын үеэр “Зууны мэдээ” сонин болон GoGo.mn сайтын төлөөлө редакцдаа гарсан эерэг өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэд менторшип хөтөлбөр нь редакц дээр хэрэгжсэн учир багаараа оролцох боломж бүрдсэн гэдгийг онцлон хэлсэн. Мөн “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал хөтөлбөрийн хүрээнд хуваалцсан уул уурхай, эдийн засаг, улс төр, технологийн салбарын “Эмэгтэй эх сурвалжийн дата сан”, жендэрийн сэдвээрх эрэгтэй эх сурвалжийн жагсаалт нь нийтлэлээ богино хугацаанд хийх боломжийг олгож, цаг хугацааг хэмнэж байгаа тухай хэлсэн.  Тэд энэхүү эх сурвалжийн жагсаалтыг үргэлжүүлэн хөтөлж, 372-оос 500 орчим хүртэл нэмэгдүүлсэн байна.

 

Уулзалтын үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс "Улс төрийн мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь" редакцуудад зориулсан удирдамжийг боловсруулсаныг мөн танилцуулав.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.