Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар боллоо

Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар боллоо

Хямрал, гамшиг, ослын үед иргэдэд баталгаатай мэдээллийг түгээхэд чиглэсэн хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн оролцоо, зөвшилцөл бүхий үндэсний хэмжээний мэдээлэл харилцааны бүтэц байгуулах тухай уулзалт боллоо.    

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс "Хямралын мэдээллийн харилцаа - оролцогч талуудын хамтын ажиллагаа" сэдэвт хөтөлбөрийг 2021-2022 онд хэрэгжүүлсэн. Нийтийг хамарсан хямралын онцгой нөхцөл байдалд хэвлэл мэдээлэл, төр, иргэний нийгмийн хамтын оролцоотойгоор оновчтой, баталгаатай мэдээллийг иргэдэд хүртээмжтэй түгээх нь үр дүнтэй болохыг хөтөлбөрийн үр дүн харуулсан билээ. Иймд уг сайн жишгийг авч үлдэх, үр дүнг тогтвортой хадгалахын тулд төр, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хамтарсан үндэсний хэмжээний бүтцийг бий болгох нь ач холбогдолтой хэмээн үзсэн юм.  

 

Ийнхүү 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дээрх талуудын төлөөлөл бүхий зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хямрал, онцгой байдлын үед ажиллах үндэсний хэмжээний мэдээлэл харилцааны бүтцийг бий болгох ажлын хэсгийг байгуулахаар тогтов. Тус ажлын хэсэг нь бүтцийн зураглал гаргах, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах зэргээр ажиллах юм. 

 

Уулзалтад Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын онцгой комисс, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллүүд оролцов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.