Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд аравдугаар сарын 25-ны өдөр зөвлөлдөх уулзалт хийлээ. Уг уулзалтаар ХМЗ-ийн үндсэн үйл ажиллагааны Чанарын удирдлагын менежмэнтийг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг танилцуулж, гишүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Удирдах зөвлөлийн дарга У.Тамир “ХМЗ нь үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй нь сайн жишгийн нэг бөгөөд гомдол хүлээн авах, барагдуулах үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой, чанарын алдагдалгүй явуулахад ихээхэн тустай. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь хүнээс хамаарахгүйгээр аль ч цаг үед чанарын алдагдалгүй явах процессыг тэмдэглэж үлдээх нь чухал” хэмээн онцлов. Чанарын удирдлагын менежмэнтийг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд удирдах зөвлөлийн гишүүд хоёр ажлын хэсэгт хуваагдав. Тэдгээр нь Ажлын алба болон Ёс зүйн хороодын дотоод үйл ажиллагаанд аудит хийж, үл тохирлын цэгүүдийг тогтоож залруулах арга замуудын санал болгох юм.
Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн дараагийн асуудал нь ХМЗ-ийн бие даасан хараат бус байдлыг дэмжих, тогтвортой байдлыг хангах стратегийн чиглэлийг танилцуулж, санал солилцох байв. УЗ-ийн гишүүд гурван багт хуваагдан ХМЗ-ийн санхүүжилтийн хэлбэрүүд, санхүүгийн төлөв байдалд SWOT шинжилгээ хийж танилцууллаа. Цаашид тус зөвлөл нь үйл ажиллагааны тогтвортой байдлаа хангахын тулд санхүүжилтийн олон талт байдлыг хөгжүүлэх, хараат бус байдлаа хадгалж ажиллахад голлон анхаарахаар болов. Тиймээс энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлуудыг УЗ-ийн гишүүд үргэлжлүүлэн хийхээр болов.