Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 онд шинээр сонгогдсон гишүүддээ зориулсан чадавхжуулах сургалтыг 10 дугаар сарын 26-нд зохион байгууллаа. Сургалтад тус зөвлөлийн удирдах зөвлөл, ёс зүйн хороодод сонгогдсон таван хүн хамрагдаж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлыг журмын дагуу хэрхэн хэлэлцэн дүгнэлт гаргадаг, ёс зүйн зарчим ба кейс менежмент, редакцуудын гаргадаг түгээмэл алдаа зэргийн талаар мэдээлэл авсан юм. Тодруулбал, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, сургамж” сэдвээр, ХМЗ-ийн хараат бус зөвлөх Д.Нарантуяа “Ёс зүйн зарчим ба кейс менежмент” сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга С.Шаравдорж сургалтыг нээж үг хэлэхдээ “ХМЗ-өөс зохион байгуулдаг уулзалт, сургалт бүр нь гишүүддээ төдийгүй сэтгүүлчдэд шинэ мэдлэг, мэдээлэл өгдөг. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар, салбартаа болон нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар бид тогтмол хэлэлцэж үйл ажиллагаагаа сайжруулахын төлөө ажилладаг. Ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхэд гишүүн та бүхний идэвх оролцоо нэн чухал юм. Ялангуяа ёс зүйн хорооны гишүүдийн өргөдөл гомдол хэлэлцэх үйл явц бүр нь туршлага болдог тул оролцоо маш чухал” хэмээн онцлоод шинэ гишүүдэд амжилт хүслээ.
Харин оролцогчид уг сургалтын агуулга, хэрэгцээ шаардлагад сэтгэл ханамж дүүрэн байгаагаа илэрхийлэв. ХМЗ-өөс гишүүдээ чадавхжуулах сургалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаад шинээр сонгогдсон гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа. Нийт гишүүдийн чадавхжуулах сургалт хэлэлцүүлэг энэ сарын 11, 12-нд болох юм.