Сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалтыг танхим, цахим хослуулан зохион байгуулав

Сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалтыг танхим, цахим хослуулан зохион байгуулав

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 11 дүгээр сарын 3-наас 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Ёс зүйтэй нягталъя”, “Гэмт хэрэг ба ёс зүй”, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн, ач холбогдол”, “Хэвшмэл ойлголтыг таньж мэдэх” нь цуврал сургалт, хэлэлцүүлгийг сэтгүүлчдэд зориулан зохион байгууллаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын тэгш оролцоог хангах зорилгоор танхимын сургалтыг цахимтай хослуулав. 

 

Энэ удаагийн цуврал сургалтуудыг  Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаас 1, 3, 4, 6 дугаар зарчмууд дээр гардаг түгээмэл алдаануудыг тайлбарлах, кэйс хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор зохион байгуулав. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын дөрөвдүгээрт аливаа золгүй үйл явдал, осол, гамшиг, хүчирхийлэл, гэмт хэргийг мэдээлэхдээ дуулиантай хэлбэрээр түгээхээс татгалзах, хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзан үзэх тухай багтаасан байдаг. Иймд 11 дүгээр сард “Гэмт хэрэг ба Ёс зүй” сургалтыг зохион байгуулсан юм. 

 

Сургалтын талаар “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Должинжав “Цаг үеэсээ хоцрохгүйн тулд аливаа хурал, сургалтад тогтмол хамрагдаж мэдлэгээ нэмэгдүүлж, харах өнцгөө үргэлж тэлэхийг хичээдэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Ёс зүйтэй нягталъя” сургалтаас сэтгүүлчдэд хурд бус хүн чанар л дутагдаж байгааг илүүтэй ойлгосон. Хамгийн эхэнд хурдан, шуурхай мэдээлэл түгээх гэж хичээх явцдаа бидний нийтлэл бусдын сэтгэл зүй, амьдрал, эргэн тойрныхонд хэрхэн нөлөөлөхийг мартчихдаг. Тиймээс энэ сургалтаас хойш эх сурвалжийнхаа оронд өөрийгөө тавьж үздэг болсон” гэлээ. Мөн тэрээр 12 дугаар сарын 20-ны өдөр болсон “Хэвшмэл ойлголтыг таньж мэдэх нь” сургалтад хамрагдсан бөгөөд “Сэтгүүлчдэд өөрийнх нь сонирхдог, тэр тухай бичихэд л  сэтгэл дүүрэн байдаг сэдэв гэж бий. Миний хувьд хэвшмэл ойлголтыг өөрчлөх, өрөөсгөл бодлыг залруулах тухай нийтлэлүүд бичих дуртай. Тиймээс ч “Хэвшмэл ойлголтыг таньж мэдэх нь” хэмээх үр өгөөжтэй сайхан сургалтад сууж, олон янзын өрөөсгөл ойлголтуудын талаар мэдэж авсан. Олныг дагаж улаан гэрлээр гарах, олонхийн зөв гэсэнд л итгэх нь хэвшмэл ойлголт гэдгийг сургалтаасаа мэдэж авсан” гэж онцлов. 

 

Энэхүү цуврал сургалт, хэлэлцүүлгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Бүх нийтийн соёлын боловсрол” олгох ажлын хүрээнд зохион байгууллаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.