Сэтгүүл зүйн ёс зүйн форум тав дахь удаагаа боллоо

Сэтгүүл зүйн ёс зүйн форум тав дахь удаагаа боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг тав дахь жилдээ  “ЁС ЗҮЙН ҮНЭ ЦЭН: ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАДГАЛЖ, ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХ НЬ” сэдвийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 09:00-17:30 цагт Блью Скай зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн форумаар “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь” болон “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” гэсэн сэдвүүдийн хүрээнд хоёр салбар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн энэ цаг үед Монгол Улсын Улсын Их Хурлаас нэгдүгээр сарын 18-нд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлэн баталсныг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн шүүмжилж, эрс буруушааж байгаа үйл явц давхардсан юм.    

 

Форумыг нээж хэлсэн үгэндээ Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир “Цар тахал, олон улсын энх тайвны ээдрээтэй нөхцөл байдал нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд үндэслэлгүйгээр хязгаарлалт хийх, аливаа хэлбэрийн цензур тогтоохоос ардчилсан Монгол улс холуур байх учиртай” хэмээн  онцлон тэмдэглэлээ. Мөн ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаагийн танилцуулсан “Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын оруулж буй хувь нэмэр” илтгэлийн гол агуулгадаа “Хүн хийж байгаа учир алдаа гарна. Алдаа болгон санаатай бас зорилготой байдаггүй. Алдааг нь олж харж, хэлж сануулж, засуулж урагшлахаас аргагүй. Энэ бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар. Энэ жишгээр иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 500 гаруй өргөдөл гомдлыг шүүхээс өмнөх шатанд өөрийн зохицуулалтаар шийдвэрлээд байна” гэлээ.   

 

Энэ мэтээр “Ёс зүйн зарчим - олон ургальч байдал, Оролцоог хангах, итгэлийг нэмэгдүүлэх нь, Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт ба практик”, Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт - ХБНГУ болон бусад улс орнуудын туршлага зэрэг сэдвээр дотоодын болон олон улсын мэргэжилтнүүд илтгэл танилцуулав.

 

Тухайлбал, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Д.Идэржаргал “Редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг зохицуулж буй байдал” илтгэлдээ редакцуудын ёс зүйн кодын судалгаа, тэнд мэргэжлийн ёс зүйн асуудалд хэрхэн анхаардаг талаарх практик соёлын судалгаануудаа танилцууллаа. Тэрээр “Хэвлэл мэдээллийнёс зүй нь хувь сэтгүүлч, редакц, салбарын түвшинд зохион байгуулагддаг. Монголд ёс зүйн өөрийн зохицуулалт нь байгууллагын буюу редакцын түвшинд хамгийн их алдагдаж байна” хэмээн дүгнэжээ. “Хэдийгээр сэтгүүлчийн ёс зүйн асуудал нь нийгэм болон мэргэжлийн олон хүчин зүйлээс хамаардаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн ёс зүйн төлөөх наад захын зохион байгуулалт хийхгүй байгаа нь сул тал болж байна” хэмээн шүүмжлэв. Мөн “Сэтгүүлч ёс зүйтэй ажилласнаар олон нийтийн итгэлийг олж авдаг. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд ёс зүйн мэдэгдлүүд хэвлэл мэдээллийн салбарт үгүйлэгдэж байна” гэж дурдлаа. Өөрөөр хэлбэл ёс зүйгээ баримталж ажилладаг редакцууд мэргэжлийн ямар ёс зүй баримталдаг, үүнийг бүтээлдээ хэрхэн ашигласан зэргээ хэрэглэгчдэдээ тогтмол тайлбарладаг, ил тод мэдээлдэг, сурталчилдаг соёл дутагдаж байгааг онцлов.

 

Форумын салбар хуралдаанаар Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, МУИС-ийн докторант Д.Оросоо, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эрх зүйн онол, компьютер-мэдээлэл зүйн шинжлэх ухааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч Проф. Др. Эрик Хилгендорф  нар нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав. 

 

Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, МУИС-ийн докторант Д.Оросоо “Эрүүгийн хуульд заасан ‘Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт ба практик’” илтгэлдээ сэтгүүлчдийн дөрөө харшуулж болохгүй зүйл бол гүтгэлэг бөгөөд практикаас харахад сэтгүүлчид хүнийг үндэслэлгүйгээр гүтгэдэггүй гэлээ. Мөн Монгол улс үг хэлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

 

Ханнс-Зайделын сан дэмжиж, Дойче Веллэ Академитай хамтран зохион байгуулсан энэ жилийн форумд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор, салбарын судлаач, хуульчдын 120 орчим төлөөлөл оролцлоо. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.