Баталгаат мэдээлэл амьдралыг аварна төслийг дүгнэх уулзалт Бонн хотноо боллоо

Баталгаат мэдээлэл амьдралыг аварна төслийг дүгнэх уулзалт Бонн хотноо боллоо

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яам, Дойче Велле Академийн зүгээс “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийг 2021-2023 онд хэрэгжүүлээд байна. Тус төсөл нь Кени, Замби, Киргиз, Молдав, Монгол зэрэг дэлхийн таван оронд хэрэгжиж буй олон улсын төсөл бөгөөд Монгол Улс хоёр дахь жилдээ амжилттай хамрагдаж буй юм. 

 

2023 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд төсөлд хамрагдаж буй дээрх орнуудын төлөөлөл ХБНГУ-ын Бонн хотноо төслийн үйл ажиллагааг дүгнэх, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсыг төлөөлж төсөл хэрэгжүүлэгч байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, төслийн менежер Н.Ганчимэг нар оролцов.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь тус төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ хямралын мэдээлэл харилцааны чиглэлийн дотоодын сургагч багш нарыг бэлдэн гаргаж, төр, хэвлэл мэдээлэл, иргэд, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий тус бүр есөн хүнтэй гурван багийг бий болгон, чадавхжуулаад байна. Энэ гурван баг нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд “Ковидын вакцины талаарх баталгаат мэдээлэл”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд “Худал ташаа мэдээлэлтэй тэмцэх мэдлэг чадвар бий болгох” болон Сэлэнгэ аймагт “Хилчид, малчдын хооронд үүсэж буй зөрчлийг шийдвэрлэх” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл харилцааны төслийг хэрэгжүүлсэн. Хямралын үед олон талын оролцоот төлөөлөл хамтарч ажиллах нь иргэд баталгаатай, найдвартай мэдээллийг хүлээн авахад бодит дэмжлэг болж буйг эдгээр төслийн үр дүн харуулсан юм. 

 

“Төсөлд хамрагдсанаар мэргэжлийн хувьд ахин дэвших, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг оролцогчдод олгосон” хэмээн төслийн менежер Н.Ганчимэг илтгэлдээ дурдав. Түүнчлэн хуралд оролцогчдын зүгээс Монгол Улсад хэрэгжсэн төсөл нь аливаа хямрал, гамшиг, ослын үед төдийгүй нийгэмд тулгамдсан бүхий л асуудлыг шийдвэрлэхэд түшиглэж болохуйц хамтын ажиллагааны загварыг таниулснаараа ач холбогдолтой байлаа хэмээн үнэллээ.

 

Кени Улсын тухайд сонгуулийн дараа үүссэн улс төрийн хямралыг бууруулах, Замби Улс Ковид-19 вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, Молдав Улсын баг эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход чиглэж ажилласан бол Киргизийн тухайд үнийн өсөлтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд хандсан төсөл тус тус хэрэгжүүлжээ.  

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь иргэдийн мэдэх эрхийг хангах, ёс зүйтэй, баталгаатай, найдвартай мэдээллийг түгээн дэлгэрүүлж хэвлэлийн эрх чөлөөг бататган хамгаалахад хувь нэмрээ оруулдаг салбарын өөрийн удирдлагын байгууллага билээ. Энэ зорилгынхоо хүрээнд мэдээллийн хоёр чигт урсгалыг дэмжих, мэдээллийн хүртээмж сул, алслагдсан хороо, сумдын иргэдэд баталгаат мэдээллийн үнэ цэнийг ойлгуулах, худал ташаа мэдээллийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх, мэдээллийн харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулж буй юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.