Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирсэн гуч дахь жилийн босгон дээр Монголд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, эвлэл, холбоод хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэн ажиллахаа илэрхийлж хэвлэлийн бага хурал/2023.04.14/ зохион байгууллаа.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Амнести Интернэншл, Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл зэрэг байгууллагууд хамтарч, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “ИРЭЭДҮЙН ЭРХЭЭ БҮТЭЭХ НЬ:  Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриан дор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг 2023.04.17 – 2023.05.03-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аяны хүрээнд Монгол дахь хүний эрхийн төлөв байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин, чиг хандлага, сэтгүүл зүйн ёс зүйн асуудлыг хөндсөн олон талт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Оролцогч талууд хамтран 4-р сарын 24-нд Сэтгүүл зүйн ёс зүй сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээг Хэвлэл мэдээллийн зөвлөл хариуцан ажиллахаар болов. 

Мөн тавдугаар сарын 3-ны өдөр “ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФОРУМ”-ыг 200 хүний оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Форумын үеэр Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, “ҮНЭНИЙ ТӨЛӨӨ” хэвлэлийн эрх чөлөөний шагналтан, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ЦАХИУР 2023-ын Гранпри шагналтныг тодруулна. Түүнчлэн энэ өдөр хүний эрх, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө эв санааны нэгдлээ хамтран илэрхийлэхээр төлөвлөөд байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.