ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ НЬ : Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг

ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ  БҮТЭЭХ НЬ : Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 30 дахь жилийн ойн өдөр. 

 

1993 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан.

 

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Монголд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, эвлэл, холбоод хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. 

 

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмнести Интернэншл, Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтарч, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ НЬ: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг” уриан дор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлагын асуудлыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг 2023.04.17– 2023.05.03-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Blue sky зочид буудлын Emerald танхимд 200 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан цуглаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг ил тодоор хэлэлцлээ. 

 

Мөн өнөөдөр “ҮНЭНИЙ ТӨЛӨӨ” хэвлэлийн эрх чөлөөний шагналтан, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ЦАХИУР 2023-ын Гран при шагналтныг тодруулсан юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд оролцсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө” эв санааны нэгдлээ илэрхийлэн, тулгамдаж буй асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдад сануулах зорилгоор Сүхбаатарын талбайд хөдөлгөөн өрнүүлэв.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.