Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах, менторшип хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Редакцын сургалтад МОНЦАМЭ, ТВ-9, Зөв.мн хамрагдсан бол менторшип хөтөлбөрийг 2023 оны 5-7 дугаар сард ТВ-9, Зөв.мн редакцуудад зохион байгуулах юм.
Хөтөлбөрийн хүрээнд редакцын сэтгүүлчид, зураглаач болон бусад ажилтнуудад жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн сургалт зохион байгуулж, олон улсын болон дотоодын туршлагаас хуваалцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Өмнөх жилд менторшип хөтөлбөрт хамрагдсан “Зууны мэдээ” сонины хувьд “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээж, жендэрийн асуудлыг тогтмол гаргаж байгаа бол GoGo.mn редакц нь хөтөлбөрийн хүрээнд уншигчдадаа зарласан “Тэнцвэр” санаачилгаа хэрэгжүүлж, Архангай медиа групп “Мэдрэмжтэй бүтээнэ” булан нээж, тусгай дугаар гаргасан зэрэг амжилтын түүх бий. Мэргэжлийн редакцууд бодлогоороо дамжуулан бүтээлдээ олон ургалч байдлыг шингээн ажилласнаар эерэг өөрчлөлт бий болгож байна.
Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн жил зохион байгуулсан “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатоны үр дүнд цуглуулсан улс төр, эдийн засаг, технологи, уул уурхай, хөдөө аж ахуйн сэдвээр ярих эмэгтэй эх сурвалж, жендэрийн асуудлаар ярих эрэгтэй эх сурвалжийн ДАТА САНГ хөтөлбөрт хамрагдаж байгаа редакцуудтайгаа хуваалцлаа.
Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг КОЙКА олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан билээ.